УИХ-ын ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр санал авахаар тогтоосон. Манай улсын Элчин сайдын яам, олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй.
Гадаад улсад буй иргэдээс санал авах ажлыг төв болон салбар комисс зохион байгуулж ажилладаг. Харин Сонгуулийн ерөнхий хороо гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан төв комиссыг, төв комисс нь салбар комиссыг дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулахаар хуульчилсан. УИХ-ын ээлжит сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс өмнө үүнийг байгуулах юм. Тодруулбал, Гадаад харилцааны яамны саналыг харгалзан гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг гадаадад санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон ес, эсхүл арван нэгэн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах ёстой. Мөн төв комисс ирэх тавдугаар сарын 6-ны өдрөөс өмнө салбар комиссыг дарга болон хоёр, эсхүл дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулах аж.
Гадаад улсад суугаа иргэн санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө буюу энэ оны зургаадугаар сарын 15-наас өмнө сонгуульд оролцохоо өөрийн оршин байгаа улсын дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэж, бүртгүүлэх ёстой. Улмаар санал авахаар товлосон өдрийн 07.00-22.00 цаг хүртэлх хугацаанд салбар комиссын тогтоосон байранд саналаа өгөх юм.