АН-ын “4-11” мэдээллийн цаг өчигдөр болж, цаг үеийн сэдвээр байр сууриа илэрхийлэв. Зудад нэрвэгдээд буй малчдад туслах зорилгоор тус намаас “Амь нэгтэй монголчууд” аян зарласан бөгөөд гишүүд нь орон нутагт ажиллаж буй аж. “Улсын 80 хувьд цагаан зуд нүүрлэсэн, зүүн гурван аймаг хамгийн их малын хорогдолтой байгаа. Улсын хэмжээнд хонин толгойд шилжүүлэхэд нийт найман сая мал хорогдсон” хэмээн тэд мэдээлэв. Мөн эд хөрөнгөө алдсан малчдын сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэндийг түлхүү анхаарах, өнөөдрөөс гадна цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж, хөдөө аж ахуйн салбарт бодлогын өөрчлөлт хийх хэрэгтэйг хэлсэн юм. Зам, давааг нээхэд техник, хүч хүчний тусламж хэрэгтэй байгааг орон нутагт ажиллаад ирсэн гишүүд нь ярив.
Малчдын зүгээс шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, бэлтгэсэн мах, түүхий эдийн борлуулалтад дэмжлэг үзүүлэхийг хүссэнийг тэд уламжилсан. Цаашид байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхэд салбарын бодлогыг шинэчлэхээс гадна малчдын бэлтгэл, чадварыг нэмэгдүүлэх сургалт ч чухал гэв. АН-ын даргын зөвлөх .Ганбаатар “Орон нутагт өвс, тэжээл ачсан “өрөвч” улс төрч л олон очсон байна. Тэнд туслах хүчин илүү хэрэгтэй” гэсэн юм. Тус намын УИХ дахь бүлгээс ээлжит бус чуулган зарлаж, зудын нөхцөл байдалтай холбоотой тодорхой зохицуулалт, шийдвэр гаргахыг шаардаад байгаа билээ.
Бэлтгэсэн С.Туул