Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцох уулзалт боллоо. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Нийгмийн баялгийг шударга хуваарилах тал дээр Засгийн газартай хамтарч ажиллаж байна. 2023 онд цалин, тэтгэвэр нэмсэн. Энэ оны тавдугаар сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр гурван талт хэлэлцээрт тусгасан. Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлтөөр тэтгэврийг өвлүүлдэг болсон нь маш том дэвшил болсон” гэдгийг онцлов.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрээр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, бүтээмжид суурилсан цалингийн тогтолцоог бүрдүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжсэн бодлогыг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тусгасан. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 40 хувиар нэмсэн” гэлээ.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн реформ илтгэл танилцуулжээ.
Уулзалтын үеэр 21 аймаг, есөн дүүргийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нар саналаа хэлэв. Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн өөрчлөлтийг боловсруулж батлуулах, Хөдөлмөрийн шинэ хуультай холбоотой гарсан Засгийн газрын 370-р тогтоолыг шинэчлэх, хөдөлмөрийн хяналтыг үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдэлд байлгах, зудтай байгаа энэ үед малчдын эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарч өгөхийг хүслээ.