Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Шуурхай штабт мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй. Зудтай, нөхцөл байдал хүнд аймагт үнэлгээ хийхэд 192 суманд хүнд. Энэ хүрээнд Засгийн газраас гурван үе шаттай арга хэмжээ авч байна. Улсын нөөцөөс 6000 тн тэжээл гаргаж малчдад хүргэх, орон нутгийн нөөцөөс 20 мянган тонн өвс, 10 мянган тонн тэжээлийн буудай зэргийг гаргаж, шуурхай хүргэхээр ажиллаж байна. Мөн эрчим хүчийг хэвийн хангах, эрүүл мэнд, зам, дэд бүтцийг анхааран ажиллана. Аймаг, сумдад тусгай техник хэрэгсэл ашиглан цасанд дарагдсан 54 мянган км зам харгуйг гаргаад байна. Малчдын зүгээс анхаарал тавих хүсэлт ихээр ирүүлсэн нь зээл төлөлтийг түр зогсоох явдал юм. Улсын хэмжээнд 190 мянган гаруй малчдаас 140 мянган малчин 1,2 их наяд төгрөгийн зээлтэй буюу дунджаар 21 хувийн хүүтэй, зээлийн дээд хэмжээ 30-50 сая төгрөг байна. Малчид зээлээ ихэвчлэн түлээ түлш, тэжээл, өвс, хүүхдүүдийнхээ сургалтад зарцуулдаг. 90 суманд цагаан зуд, 84 суманд цагаан зудархуу, 6 аймгийн 23 суманд төмөр зудын нөхцөл байдал үүссэн. Жил бүрийн өвөл зудын нөхцөл байдалтай байдаг ч энэ жил илүү их хэмжээтэй байгаа нь гэнэт дулаарч, дараа нь хүйтэрдэг цаг агаар нөлөөлж буй нь мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Улсын хэмжээнд нийт 1.5 сая толгой мал хорогдоод байна” гэлээ.