Цаг агаарын хүндрэлийн улмаас иргэд төөрөх, осгох, осол аваарт өртөх, цасан нурангид дарагдах зэргээр амь, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарч байна. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын хоёр малчин уулын цасан нурангид дарагдсанаас нэг нь нас барсан тохиолдол 12-нд болсон. Аврагчид түүний цогцсыг таван өдрийн дараа олсон юм. Үүнээс тав хоногийн дараа Ховд аймгийн Алтай сумд нэгэн малчин эмэгтэй цасан шуурганд төөрснөөс осгож амиа алдсан. Тэгвэл орон нутгийн онцгой байдлын алба хаагчид төөрч, сураггүй болсон нэгэн иргэнийг эрэх ажиллагааг өчигдөр дахин эхлүүлж, хоёр дахь өдрөө хайлаа.
Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн нутаг дахь байрнаасаа энэ сарын 15-нд гараад сураггүй болсон иргэний талаарх мэдээллийг гэр бүл, ойр дотнынх нь хүмүүс таван өдрийн дараа цагдаа, онцгой байдлын байгууллагад бүртгүүлжээ. Уг иргэнийг хайх эрлийг холбогдох байгууллагынхан энэ сарын 20-ны 15.00 цагт эхлүүлсэн ч үр дүнд хүрээгүй тул өчигдөр мөн үргэлжлүүлэв.