Монгол болон Япон Улсын Засгийн газрын техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Сүрьеэ болон ям өвчнийг нэг эрүүл мэнд үзэл баримтлалд тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй хянах тогтолцоог Монгол Улсад бүрдүүлэх” төслийн үйл явцыг танилцуулах арга хэмжээ өчигдөр ЭМЯ-нд боллоо. ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага, Хоккайдогийн их сургууль, Сүрьеэ судлалын хүрээлэнгийнхэн хамтран уг төслийг хэрэгжүүлж буй аж.
2020 оноос эл төслийг эхлүүлсэн бөгөөд одоогоор үхрийн сүрьеэ болон адууны ям өвчний эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал боловсруулжээ. Мөн 13 аймгийн 47 сумын 150 гаруй малчин өрхийн 2800 гаруй адуунаас сорьц цуглуулан, ям өвчний тархалтыг судалж буй гэнэ. Түүнчлэн үхрийн сүрьеэ өвчнийг илрүүлэх дэвшилтэт аргуудыг манайд нэвтрүүлэх ажлуудыг эхлүүлжээ. Манайд энэ төрлийн өвчний оношилгоо одоогоор хангалтгүй байгаа аж. Үүний хүрээнд Мал эмнэлгийн хүрээлэнгээс эрдэм шинжилгээний 20 ажилтан, судлаачийг Японд сурган, мэргэшүүлээд байгааг мэдээлэв. Мөн ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн үндэсний лабораторид 2021-2023 онд нэг тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмж, оношлуур нийлүүлсэн байна.
Цаашид зоонозын халдварыг шинэ технологид суурилан илрүүлэх түргэвчилсэн оношлуур зохион бүтээхээр төлөвлөжээ. Үүнээс гадна зоонозын халдварт өвчнийг хянах платформ бий болгох аж. Мөн адууны ям, үхрийн сүрьеэгийн эрсдэлийг үнэлж, бодит нөхцөл байдлыг тодорхойлох нь. Түүнчлэн мал эмнэлгийн салбарт био аюулгүй байдлын III зэрэглэлийн иж бүрэн лаборатори байгуулахаар төлөвлөжээ.