Улс төрийн эрх мэдэлтнүүдийн ёс зүйгүй үйлдлүүдийг бид харсаар, нийгэм жигшсээр удлаа. Улс төрийн эрх мэдэлтэн гэдэг бол бидний улс төрийн эрх мэдлийг “гуйж” авсан этгээд юм. Иймд иргэд тэдний ёс суртахууны хариуцлагаа хэрхэн сахиж буйг хянадаг байх ёстой. Чухам ингэж байж улс орондоо цэвэр нандин улс төрийг төлөвшүүлж чадна. Үүнээс улс орны хөгжил заавал хамаардаг. “Улс төр бол заваан, бохир эд” гэдэг ятгалга явуулгад итгэх хэрэггүй. Улс төр “бохир” байгаа бол энэ нь бохир суртахуунаас л болж буй хэрэг.
Эртний Грекийн улс төрийн том сэтгэгчдийн бүтээлээс хараад байхад, улс төрийг бохирдуулж эхэлсэн үед улс төр, ёс суртахууны хоорондын холбооны тухай асуудал философичдын анхааралд ордог байна. Манай өнөөгийн цаг үеийн байдал, манай өнөөгийн улс төрийн байдал улс төрийн эрх мэдэлтний ёс суртахууны асуудлыг хөндөхөд хүргэж байна.
Учир нь МАН-ын дарга, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс сонгуулийн кампанит ажлын үеэрээ "МАН ялахгүй бол Монгол Улс газрын зургаас арчигдана. Дэлхийн III дайнд өртөж магадгүй. Авлигатай тэмцэж буй учраас миний эрх мэдлийг дахин сунгаж өгөөч" гэж уриалж, дайн байлдаан болох гэж байгаа юм шигээр ухуулга, сурталчилгаа хийж явсан. Ерөнхий сайдын энэхүү турхиралт хүний аминд хүрлээ. Ялж л байвал ямар ч муу муухай арга хэрэглэж болдгийн тод жишээ энэ.
Хэдий Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын суудал амархан олдсон ч түүний Засгийн газрын тэргүүнээр ажилласан өнгөрсөн гурван жил Монгол гадаад улс төр талдаа ч, дотоод эдийн засгийн хувьд ч амаргүй байсан нь худлаа биш. Арай гэж цар тахлын ард гарахтай зэрэгцээд Орос-Украины дайн эхэлсэн нь Монголыг ч, Л.Оюун-Эрдэнийг ч шахалт, сорилтод оруулсан. Тэрээр чадлаараа ажилласан уу гэвэл ажилласан. Үүнийг нь үнэлэх учиртай. Гэхдээ бие даасан улсын Ерөнхий сайдын амнаас ийм утга бүхий үг гарна гэдэг маш хариуцлагагүй үйлдэл юм. Сүүлийн найман жил тасралтгүй төр барьж байгаа эрх баригч намын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байж хүн амины хэрэгтэн, шоронд ял эдэлж байгаа этгээдийг ашиглан контент бэлтгэн тв-р гаргаж, уулзалтад ирсэн олонд дайн тулаан, тагнуул туршуул, газар нутаг, дэлхийн газрын зураг өөрчлөгдөнө гэх үг хэлж байгаа нь иргэдийн сэтгэл сэтгэлгээний, мэдээллийн орон зайг үгүй хийж байгаатай агаар нэг.
Ерөнхий сайд бол Үндсэн хуулийн субьект, засаглал хуваах гурван субьектийн нэг нь шүү дээ. Хаана ч, хэзээд ч үг үйлдлээ хянаж, олон нийтдээ үлгэрлэж явах учиртай хүн биш гэж үү.
Төрийн алба бол өндөр ёс суртахуунтай, боловсролтой, чадвартай зөв хүмүүсийн нэгдэл байх ёстой. Харин ёс зүйгээ умартсан хэн ч төрийг төлөөлөх эрхгүй гэсэн зарчим төрд ажиллаж буй хэнбугайд ч ижил тэгш үйлчлэх ёстой.