Зудад нэрвэгдээд буй Сүхбаатар аймгийн малчдад туслах “Сэтгэлийн дэм” хандивын аяныг эхлүүлжээ. Аяныг тус аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс санаачилсан байна. “Өнгөрсөн жилийн аравдугаар сараас цас ахиу орсон, байнга явган шуурснаас болж, малчдын амьдрал хүндэрсэн. Мөн автомашины зам цасанд дарагдсанаас орон нутагт эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжгүйд хүрлээ. Тиймээс дан ганц мөнгө хандивлах бус, туулах чадвар өндөртэй машинаараа зам гаргаж өгөхийг иргэдээс хүсье” хэмээн Нутгийн зөвлөлийнхөн нь мэдээлсэн юм. Түүнчлэн тус аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудыг “Сэтгэлийн дэм” аянд оролцохыг уриалав. Аяны хүрээнд цуглуулсан тусламж эздэдээ хүрээд эхэлсэн гэнэ. Цаашид Сүхбаатар аймгийн 13 сум тус бүрд 15 тн тэжээл хүргэхээр төлөвлөсөн байна. Тус аймгийн Дарьганга, Түвшинширээ, Баяндэлгэр, Асгат, Сүхбаатар зэрэг сумд өвөлжилт, хаваржилт илүүтэй хүндэрч, мал олноор хорогдох эрсдэл тулгарчээ. Одоогоор Наран сумд 2000 мал хорогдоод байна. Энэ нь бага тоо биш. Гэвч энэ нь Сүхбаатарын аймгийн хэмжээнд хамгийн бага үзүүлэлт гэнэ.
Бэлтгэсэн А.Үүлэн