Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн тэргүүтэй гишүүд Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахад гэнэтийн шалгалт хийж, нөхцөл байдалтай нь танилцжээ. Гурван давхар, 1000 ам метр талбайтай тус агуулахыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2021 онд барьж, ашиглалтад оруулжээ. Энэ нь гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эд, вакцин, био бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, урвалж оношлуурыг хадгалах зориулалт бүхий улс орны стратегийн онцгой ач холбогдолтой объект аж. Тус байгууллагын үйл ажиллагааны талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Санхүү, хангамж, нөөцийн албаны дарга Д.Болдбаатар УИХ-ын гишүүдэд танилцуулсан байна. Нийт 20 гаруй нэр, төрлийн найман тэрбум гаруй төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг уг агуулахад хадгалж буйн дийлэнх нь олон улсын байгууллагын тусламжаар ирүүлсэн бараа, бүтээгдэхүүн гэнэ.
Шалгалтын явцад улсын энэ агуулах нэгдсэн бүртгэлийн системгүй, хүний нөөцийн дутагдалтай, мөн ковидын үед ашиглаж байсан зарим өндөр үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгслийн ашиглах хугацаа дууссаны дараа тэнд хүргүүлсэн зэрэг зөрчлийг илрүүлсэн байна. Ирэх сард эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад, дотоод хүчин зүйлийн талаар нээлттэй сонсгол хийхээр төлөвлөсөн бөгөөд үүгээр эдгээр дутагдал, зөрчлийн талаар хэлэлцэхээр болжээ.