Улсын Онцгой Комисс өнөөдөр Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй малчдын зээлийн асуудлаар хуралдлаа. Нийт 140 000 гаруй малчны 1.2 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар зөвшилцөлд хүрчээ. Манай улсын нийт малчдын 80 орчим хувь буюу 147 мянга 800 малчин өрх малчны зээлтэй. Нийт малтай өрхийн 76.4 хувь нь жилийн дөрвөн улиралд мал маллаж амьжиргаагаа залгуулдаг байна.
Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор мал муудаж, хаврын улиралд малчдын дийлэнх нь банкны зээлээ төлж чадахгүйд хүрчээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард цас их хэмжээгээр орж, одоогийн байдлаар 14 аймгийн 250 гаруй сум зуд нүүрлэж, 600 мянга гаруй мал хоргодоод байна. УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, үүнтэй холбоотой зардлыг улсын нөөц сангаас гаргаж буй. Одоогийн байдлаар 21.5 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.