Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаан хоёрдугаар сарын 6-ны өдөр боллоо.
Ээлжит хуралдаан 88 хувийн ирцтэйгээр эхэлж, Өмнөговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын ажлын хэрэгжилт, Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-Цогтцэций чиглэлийн 13,5 км хатуу хучилттай авто замыг орон нутгийн өмчид шилжүүлэх, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах түр эрх олгож, гэрээ байгуулах зэрэг 16 асуудал хэлэлцжээ.
Хуралдаанаар, Өмнөговь аймгийн шинжлэх ухаан, инновац, технологийн салбар зөвлөлийн дүрэм, музейн нэршлийг өөрчилж "Говийн байгаль, түүхийн музей" болгох, 15 сумын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батлах, соёл урлаг, спортын чиглэлээр улс, олон улс, тив дэлхийн чанартай тэмцээн уралдаанд амжилт гаргасан уран бүтээлч, тамирчдад шагнал олгох журамд өөрчлөлт оруулан өсвөр үе, мастеруудын ангилал, лигийн тамирчдын заалтыг оруулах зэрэг дөрвөн асуудлыг хурлын төлөөлөгчид 100 хувийн саналаар баталжээ.