Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Өмнөговь аймгийн Аялал жуулчлалын холбооноос зохион байгуулдаг уламжлалт “Түмэн тэмээний баяр” амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсын хамгийн олон тэмээтэй тус аймаг энэхүү үйл ажиллагааг 1997 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа юм.
Энэ жилийн тэмээний баяраар тэмээн поло, тайлаг, торомны уралдаан, сайхан тэмээтэй хосын тэмцээн, тэмээн парад, ингэний айргийн баяр, ингэний сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “мэндлэх, хүндлэх ёс” хөөрөгний үзэсгэлэн, Дундговь аймгийн “Өмнийн говийн өв соёл” үзэсгэлэн, тэмээний ноосон эдлэл, бүтээгдэхүүний загварын тоглолт гээд нийт 20 орчим хөтөлбөртэй болж өндөрлөсөн аж.
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Манай аймгаас тэмээчин Д.Жижээ, Х.Гомбосүрэн, Д.Хамар, Ж.Тогтохсүрэн нарын Монгол Улсын Хөдөлмөрийн баатрууд төрөн гарч, тэмээчин Г.Бүд, А.Батбуян, Д.Хүүхэн нар тэмээн сүргээ өсгөн үржүүлж Монгол улсын Гавьяат малчин, тэмээчин М.Мөнхбаян хурдан тэмээний амжилтаараа Монгол Улсын анхны алдарт уяач цол хүртсэн зэрэг амжилт нь бид бүхний бахархал юм. Дэлхий дээр нийт тэмээний 90 хувь ганц бөхт, 10 хувь хоёр бөхт тэмээ эзэлдэг. Тэгвэл дэлхийд ховор хоёр бөхт тэмээний цөм нь Монгол Улс. Улсынхаа хамгийн олон тэмээтэй нь Өмнөговь аймаг. Тиймээс бид соёл, уламжлалаа таниулах үүднээс “Түмэн тэмээний баяр”-ыг 25 дахь жилдээ зохион байгуулж байна. Хөдөө аж ахуйн салбараас олон арван эрдэмтэн судлаач төрсний дунд тэмээ судлаач Б.Лувсан, Ө.Эрдэнэбилэг нарын эрдэмтэд хоёр бөхт тэмээний үүлдэр угсааг сайжруулахад нөр их хөдөлмөрөө зориулж байна” гэлээ.
Энэ үеэр 17 дахь жилдээ болж байгаа "Ингэний айрагны баяр-2024" үзэсгэлэн худалдаанд 15 сумын үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд оролцож, нийт 202.5 сая төгрөгийн борлуулалт хийгджээ.