ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн Төлийн физиологи, эмгэг судлалын лабораторийн пробиотик судлалын эрдэмтдийн баг малын гүзээнээс ашигтай бактери ялган авч, сувиллын тэжээлийн бэлдмэлийн технологийг бий болгож, үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Тодруулбал, малын өвс тэжээлийг боловсруулахад оролцдог ашигтай бактериуд нь нүүрс ус, уураг, өөх тосыг задалдаг гэх мэтчилэн хуваагддаг байна. Үүний нэг болох нүүрс ус буюу эслэг задлах бактерийг малын гүзээний агуулагдахуунаас ялган авч бэлдмэл хийх технологи бий болгожээ.
Цеопит, целлюлолитээс малын сувиллын иж бүрдэл бэлдмэл гаргажээ. Тус хоёр бэлдмэл нэг иж бүрдэл болж мал аж ахуйн салбарт ашиглах нь илүү үр ашигтайг судалгаагаар тогтоожээ. Байгалийн цэвэршүүлсэн цеолит агуулсан цеопит бэлдмэлийг хэрэглэснээр мал амьтныг аливаа хордлогоос сэргийлж, эрдэс дутагдлыг нөхнө. Мөн тэжээл боловсруулалтыг сайжруулж, малын амьдын жинг нэмэгдүүлэх, туралтыг багасгах давуу талтай.
Нүүрс ус задалдаг бүтээгдэхүүн болох целлюлолит бүтээгдэхүүн нь хорголжин хэлбэртэйгээр төл мал, өсвөр мал гээд ангилж хэд хэдэн янзаар савлагдаж худалдаанд гарсан байна. 1 кг тутамд 300 орчим сая амьд эслэг задалдаг бактери агуулсан бэлдмэл аж.
Эх сурвалж: Шинжлэх ухаан технологийн сан