Улсын хэмжээнд Газрын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа, газар олголт, ашиглалт, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, АМНАТ-ийн орлогын тооллоготой холбоотой асуудлыг цогцоор нь судалж, дүгнэлт гаргах, хяналт шалгалтын ажлын хэсгийг УИХ-аас байгуулжээ. Тэд нээлттэй сонсгол хийхэд бэлтгэхээс гадна иргэн бүрт газрыг нь эзэмшүүлэх зохицуулалт бүхий хуулийн төсөл боловсруулах гэнэ. Үүний талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийж, бүрэлдэхүүнд нь Хууль зүйн, Инновац, цахим бодлогын, Эдийн засгийн болон Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны удирдлагыг багтаасныг дуулгав. Мөн Хууль зүй, дотоод хэргийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайд тус ажлын хэсгийн гишүүн аж.
Түүнчлэн Засгийн газраас өргөн барьж, хэлэлцүүлж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар дүгнэлт гаргах чиглэлийг ажлын хэсгийнхэнд өгсөн байна. Уг хуулийн төслийг ард иргэд, зарим улс төрийн нам, төрийн бус байгууллагаас эсэргүүцэж байгаа учраас УИХ-ын ирэх хаврын чуулганаар хэлэлцэхгүй гэдгийг Г.Занданшатар дарга хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.