Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 сумд төмөр буюу шилэн зуд нүүрлэсэн, нийт нутгийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон, зарим хэсгээрээ 100 см орчим зузаан хунгартай, мал бэлчээх байтугай хүн зорчих аргагүй байгааг Улсын онцгой комисс (УОК)-оос өчигдөр мэдээлэв. Улсын хэмжээнд энэ сарын 18-ны байдлаар 667 841 мал хорогдсон гэж урьдчилан тогтоосны дийлэнх хувийг Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгийнх эзэлснийг дурдсан юм. Тодруулбал, энэ оны эхний үзүүлэлттэй харьцуулахад малын хорогдол улсын хэмжээнд нэг хувьтай байгаа бол Сүхбаатарт хамгийн өндөр буюу 5.3, Дорноговьд 3.6, Хэнтийд 2.8 хувьтай гарчээ.
Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ өвөл дунджаар 512 мянган мал хорогдсон гэсэн тооцоо гаргажээ. Тус аймгийн нийт нутгаар цас ихтэй, малын хорогдол өндөр, өвөлжилт хүнд, малчид зутруу байгаа бол Сүхбаатар, Баяндэлгэр, Түвшинширээ, Баруун-Урт сумд онцгой хүндрэлтэй буйг Хүнс, хөдөө аж ахуйн газрынх нь дарга Т.Ган-Очир мэдээллээ. Тэрбээр “13 сум мөсөн зудтай, гуу жалгатай хэсгээрээ 40-90 см зузаан цастай, мал бэлчээх, идээшүүлэх боломжгүй, зам, даваа хаагдсан байдалтай буй. Өнөөдрийн байдлаар (өчигдөр) аймгийн хэмжээнд багцаагаар 512 мянган мал хорогдоод байна. 3.8 сая малтайгаас хагас сая гаруй нь хорогдчихлоо. Хамгийн хүндрэлтэй нь зам цасанд боогдсоноос малчид өвс, тэжээл, хүнс хоолоо базааж чадахгүйд хүрлээ. УОК-оос туулах чадвар сайтай машинуудыг өнөөдөр наашаа илгээсэн. Үүгээр сум, суурин газруудын хооронд зам гаргаж, шаардлагатай тусламж, үйлчилгээг хүргэх бэлтгэлийг хангаж байна” гэсэн юм.
Эл аймгийн сумдаас нөхцөл байдал хамгийн хүнд буй, олон тооны мал хорогдсон нь Сүхбаатар гэнэ. Тус сумын Засаг дарга ажлаар хөдөө явсан байсан тул орлогч Н.Биндэръяатай нь холбогдож, цаг үеийн байдлыг тодрууллаа.
-Сүхбаатарт сумд өвөлжилт ямар байна вэ?
-Тэнд тийм, энд ийм гэж ялгах аргагүй, нийт нутагт байдал хүнд байна. Манай сумд 497 мянган толгой мал тоологдсоноос ойролцоогоор 116 мянга нь энэ өвөл хорогдлоо. Олон айл малгүй боллоо. УОК-ын ажлын хэсэг энд ирэх сураг дуулдсан.
-Зарим газарт тусламж хүргэх нь бүү хэл, зорчих ч аргагүй болж. Та бүхэн газар дээр нь буюу малчдын хотонд хүрч ажиллаж чадаж байна уу?
-Газар дээр нь ажиллаж чадахгүй байна. Тийм боломж алга. Манай сумын Онцгой комисс гэхэд машингүй болчихсон. Цасанд суусан тээврийн хэрэгслүүдийг татаж гарган, хөдөө хээр явсаар байгаад эвдэрчихсэн юм. Эмнэлгийн машин л тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой.
-Тэгэхээр малчдад өвс, тэжээл, хүнс хоол хүргэх, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх боломж тэр хэрээр хумигдаж ээ дээ?
-Тийм. Малчдад өвс, тэжээлээс гадна гал залгуулах түлээ, нүүрс хүргэх нь чухал байна. Мөн шуурганд уруудаж Матад, Халхгол сумын нутагт хүрээд буй олон тооны адууг яаж ялгаж, эздэд нь хүргэх вэ гэдэг асуудал үүслээ. 40 мянган адуунаас 40 адуугаа ялгаж авна гэдэг амаргүй. Хотоо харлуулахгүйн төлөө өдөр бүр тэмцэж байгаа малчид зам харгуй хүнд энэ нөхцөлд ийш тийш ч явах аргагүй шүү дээ. Үүнийг олны хүчээр л хийх байх.
-Өвөлжилтийг хохирол багатай даван туулах, малчдад туслах чиглэлээр орон нутгаас ямар арга хэмжээ авч байна вэ?
-Боломжит газруудад хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл хүргэж байна. Цасанд боогдсон газруудад зам гаргах ажлыг уул уурхайнхантай хамтран эхлүүллээ. Гэсэн ч цас нэмж ороод л дарагдчих юм, нэмэр алга. Уул уурхайнхнаас эхлээд иргэд, аж ахуйн нэгжүүд малчдад чадлаараа дэм болж байна.
Өвөлжилт хүндрээд буй Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс“530 мянган малаас 150 мянга орчим нь хорогдсон. Гэхдээ энэ бол бидэнд ирсэн мэдээллээр багцаалан гаргасан тоо. Зарим газарт очих боломжгүй, малчидтай холбоо тогтоох ч аргагүй. Яг үнэндээ хорогдсон малынхаа тоог нарийн тооцож хүчрэхгүй хүнд нөхцөл үүсээд байна” гэлээ.
ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН ГАЗРУУДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДЛӨВ
Өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдад улс, аймгийн нөөцөөс 26 мянга орчим тонн өвс, тэжээлийг үнэгүй олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу өчигдрөөс орон нутаг руу өвс, тэжээлийн нөөцийг тээвэрлэж эхлэв. Мөн Засгийн газрын сайд нараар ахлуулсан, малчдад туслах шуурхай зургаан бүлэг орон нутагт ажиллахаар өчигдөр замдаа гарлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үндэстнээрээ нэгдмэл байж, малчдад туслахыг уриалав.
Засгийн газар цаг үеийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан гурван үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нэдүгээрт, улс, орон нутгийн нөөцөд байгаа 26 мянган тонн өвс, тэжээлийг сум, багуудад ойрын өдрүүдэд хүргэх, хоёрдугаарт, үүнээс 14-21 хоногийн дараа нийт малчдыг хүчит тэжээл, буудай, тэжээлийн будаагаар хангах, гуравдугаарт, ирэх болон түүний дараагийн сард малчдад хүнс нийлүүлэх ажил зохион байгуулах нь.
Харин УОК отор нүүдэл хийж буй малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, гамшгийн үед эрэн хайх, аврах ажиллагаа явуулахад шаардагдах автомашин, шатахуун, бусад бараа материалаар хангах, улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, цасанд боогдсон зам, давааг нээх, айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр зохион байгуулж байгаагаа танилцуулав. Ташрамд дурдахад, цэргийн болон хууль сахиулах байгууллагын 1800 гаруй алба хаагч 434 техник хэрэгсэлтэйгээр хаагдсан зам, давааг нээх, малчдад өвс, тэжээл, түлш, хүнс хүргэх ажлыг орон нутагт гүйцэтгэж буй гэнэ.
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД ГАДААД ДАХЬ МОНГОЛЧУУД, ЛАМ НАР НЭГДЛЭЭ
Иргэд, аж ахуйн нэгжүүд, урлаг, соёлын салбарынхан, нутгийн зөвлөлийнхөн гээд боломжтой, сэтгэлтэй хэн бүхэн зудын эрсдэлтэй нүүр тулсан малчдад тусламжийн газраа сунгаж байна. Гадаадад ажиллаж, амьдардаг монголчууд хүртэл үүнд нэгдэх болов. Герман улс дахь монголчууд байгалийн хүнд сорилттой учирсан малчдад туслах хандивын аяныг энэ сарын 17-ноос эхлүүлжээ. БОАЖЯ, ЗТХЯ-наас мөн ийм аян өрнүүлж буй бөгөөд алба хаагчид нь нэг өдрийн цалингаа хандивласан байна. “Сэтгэлийн дэм”, “Халуун сэтгэл”, “Бидний дэм”, “Сэтгэлийн дэмээ малчин түмэндээ” гээд олон аяны нэр дуулдаж эхлэв.
Тэгвэл Монголын бурхан шашинтны төв “Гандантэгчэнлин” хийдийнхэн ч ийм санаачилга гаргалаа. Тус хийдийн тэргүүн их хамба Д.Жавзандорж лам хуваргууд болон сүсэгтэн олныг малчдад хандив өргөхийг уриалж, бурхны шашинтнуудын дунд аян өрнүүлж эхэлснийг өчигдөр мэдээлсэн юм.
ЦАГ АГААР ТОГТВОРГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
Өнгөрсөн баасан гаргаас эхлэн Монгол орны нийт нутгаар хүйтэрч, хүчтэй салхи шуурга дэгдсэнээр малчид төдийгүй орон нутгийн замд зорчиж буй олон хүн эрсдэлд орсон. Нийслэл, орон нутгийн онцгой байдлын байгууллагынхан энэ өдрүүдэд төөрч, сураггүй болсон 39 иргэнийг эсэн мэнд олжээ. Гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг мэдээлэв.
Гэр лүүгээ мал тууж яваад энэ сарын 16-нд сураггүй болсон малчин эмэгтэй осгож нас барсан хэрэг Ховд аймгийн Алтай сумд гарчээ. Түүний цогцсыг гэрээс нь таван км орчмын зайтай газраас, энэ талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс хоёр өдрийн дараа олсон байна. Ойрын өдрүүдэд буюу энэ долоо хоногт эрс хүйтэн, цаг агаарын тогтворгүй байдал үргэлжлэх тул малчдыг сонор сэрэмжээ алдахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулав.