УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй.
“Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, иргэдийн мэдэх эрхийг ханган, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улс төрч” булан нээгээд байна. Хэнийг, яагаад парламентад сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна.
Хийж, бүтээснээсээ илүүтэй царай төрх, дуу хоолой, эрхэлдэг ажлаараа анхаарал татаж, олны танил болчихсон хүмүүст ээлтэй сонгууль айсуй. Ийм нэр дэвшигчид өнгөрсөн сонгуулиудаар ч бусдаасаа алхмын урд байж, өөрсдийгөө танилцуулах гэж цаг алдахгүй, давуу тал болгож ирсэн ч энэ удаа тэд бүр ч “од” болох нөхцөлийг хууль нь бүрдүүлчхээд буй. Уг нь олны танил олон ч хүнийг бид төрийн эрх барих дээд байгууллагадаа “оруулж”, дэмжиж, тэр хэрээр итгэж, найдсан. Гэхдээ сонгогчдын хүлээлтэд хүрч ажиллан, хууль тогтоогчийнхоо хувьд танигдах бус, суудал бөглөсөн нь олон. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа. Үүгээрээ түүнийг сайн сэтгүүлч, чадварлаг хөтлөгч, ярилцагч гэдгийг нь үгүйсгэх гэсэнгүй. Гагцхүү төрийн эрх барих дээд байгууллагад Б.Жаргалмаа хэмээх гишүүн байдаг, эсэхэд эргэлзтэл, “амьгүй албат” мэт сууснаас чаддаг зүйлээ хийж, өөрийн гэсэн үнэ цэн бий болгож, түүгээрээ нийгэмд, олон нийтэд нөлөөлж, түүчээлэн ажилласан нь үр дүнтэй.
УИХ-ын гишүүний эн тэргүүний үүрэг бол шаардлагатай хууль, тогтоолын төсөл санаачлан боловсруулж, хэлэлцүүлэгт нь идэвхтэй оролцож, “ус” багатай байлгахын тулд олон талын байр суурь тусгуулан, батлуулах явдал. “Бэрс” кино урлагийн дээд сургуулийг төгссөн түүнд Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг парламентын хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахлах үүрэг хүлээлгэсэн байдаг. Тэрбээр өнгөрч буй дөрвөн жилд бие даан төсөл санаачилж, “автор”-аа тавих хэмжээнд ажилласангүй. Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай гэх мэт, голдуу эмэгтэй гишүүдтэй хамт хуулийн төсөл өргөн барьсан багт багтсан байдаг. Энэ мэт төслийг нь парламентаар хэлэлцэж ч эхлээгүй байна. Бас чихэрлэг, хэт чихэрлэг ундаа болон тамхины хэрэглээг бууруулах зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачилсан гишүүдийн дунд түүний нэр бий ч эдгээрийг батлаагүй. Хэдийгээр олуулаа хамтдаа боловсруулсан гэдэг ч тухайн асуудал, сэдвээ байнга ярьж, бараг өмчилж, “нэрийн хуудас” болготлоо мэргэшиж байгаа гишүүд бас бий. Харин Б.Жаргалмаа гишүүн тийм биш, төсөл өргөн барихад нь хамт байж зураг авхуулахаас өөр оролцоо, үүрэггүй мэт идэвхгүй нэгэн. Ер нь эмэгтэй гишүүдэд “наадаг” хүүхэд, эрүүл мэнд, жендерийн эрх тэгш байдал, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт сэдвээр бусадтайгаа хамт хэвлэлийн бага хурал хийхээс хэтэрсэнгүй.
Уг нь тэрбээр 1990-ээд оноос хойш хэвлэл мэдээллийн салбар, тэр дундаа телевизэд тасралтгүй ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тиймээс ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх нөхцөл, бололцоог хуулиар бий болгох, сэтгүүлчдийн зөрчигдсөн эрхийг хамгаалахын төлөө тууштай ажиллана гэж найдаж байв. Манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 88 дугаарт бичигдэж, “асуудалтай” улсуудын ангилалд багтаж буй. Дөрвөн жилийн өмнө Монгол Улс 73 дугаарт эрэмбэлэгдэж байсан юм. Өнөөгийн эрх баригчид, одоогийн парламент, тэр дундаа сэтгүүлч гэдгээрээ УИХ-д олон нийтээс дэмжлэг авч сонгогдсон хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлд юу хийв гэдэгт эдгээр тоо ямар нэгэн байдлаар хариулт өгөх болов уу. УИХ 2020 оны нэгдүгээр сард Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “худал мэдээлэл тараах” гэсэн 13.14 дүгээр зүйл нэмж, Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн “гүтгэх” гэх зөрчлийг хүчингүй болгосон. Үүнтэй холбоотойгоор нэг талаас үг хэлэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, нөгөө талаас хүний нэр төр, эрхэмсэг оршихуйг хамгаалж, тэнцвэрийг нь хадгалах шаардлагатайг хэлэлцүүлгийн шатнаас эхлэн ярьсан ч хууль, эрх зүйн орчныг нь цэгцэлж, тодорхой болгон хуульчилсангүй. Ийм агуулгаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гишүүн Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нарын хамт өргөн мэдүүлсэн ч урагшилсангүй. Ядаж сэтгүүлч гишүүд идэвхтэй, санаачилгатай ажилласан бол эл төсөл гурван жил тоосонд дарагдаж хэвтэхгүй байсан биз.
Мөн түүнийг УИХ-аар хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан асуулт тавихдаа хэт өнгөц, танин мэдэхүйн талаас нь тодруулдаг, тухайн асуудлаа судалдаггүй гэх зэргээр өөлөх нь бий. Тэрбээр Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөлд нэмэлт оруулахаар төсөл боловсруулж буй талаараа мэдээлэхдээ “Архины гоё, ганган савлагааг болиулна” гэж ярьсныг нь архидалтын шалтгааныг буруу тодорхойллоо хэмээн багагүй шүүмжилсэн юм.