Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь удаагийн бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг зарим улс орны Гадаад хэргийн эмэгтэй сайд нартай уулзалт хийлээ. НҮБ болон олон улсын бусад байгууллагын хурлын үеэр уламжлал болон зохион байгуулагдаж буй тус уулзалтад 10 улсын Гадаад хэргийн эмэгтэй сайд нар оролцож, олон улсын засаглал, тогтолцоо, зэвсэгт мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, худалдаа, олон улс болон бүс нутгийн сорилтуудыг даван туулах арга зам зэрэг асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын талаар мэдээлж, сайд нарыг өргөнөөр оролцохыг уриалжээ.
Үүнээс гадна Монгол Улсын Гадаад харилцааны сайдын санаачилгаар “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын сүлжээ/Female Foreign Minister’s Networking/” -г бий болгож байнгын харилцаа холбоотой ажиллаж хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тогтов.
Энэ удаагийн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтаар сайд нар Афганистан дахь эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудлаар тусгайлан санал солилцож, уулзалтын дүнгээр Хамтарсан мэдэгдэл гаргаад байна.