Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2024 оны хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь удаагийн бага хуралд оролцож байна.
Анхдугаар бага хурлыг 60 жилийн өмнө буюу 1963 онд зохион байгуулснаас хойш оролцогчдын тоо жилээс жилд өсөж, эдүгээ төр, засгийн тэргүүн, өндөр албан тушаалтан, цэрэг, батлан хамгаалах салбарын удирдлага, олон улсын байгууллагын тэргүүн, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарын олон зуун төлөөлөгчийг урьж оролцуулан, олон улсын аюулгүй байдлын бодлогын талаар хэлэлцдэг дэлхийд тэргүүлэх чуулган болж өргөжжээ.
Энэ удаагийн бага хурлын үеэр олон улсын засаглал, тогтолцоо, зэвсэгт мөргөлдөөн, олон улсын аюулгүй байдлыг хангах асуудал эмэгтэйчүүдийг гүйцэтгэх үүрэг, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хөгжил болон хиймэл оюун ухаан, худалдаа, олон улс болон бүс нутгийн сорилтуудыг даван туулах арга зам зэрэг асуудлаар оролцогчид ярилцаж, санал солилцож байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь бага хуралд оролцох үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен-тэй уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны 8 дугаар сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнгээр хоёр улсын харилцааг “Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”-д хүргэн, бэхжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа нотлов.
Талууд цаашид хоёр улсын хооронд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, энэ ондоо багтаан Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг эхлүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллахаар тогтлоо. Америкийн тал өнгөрсөн хугацаанд Энх тайвны корпусын хүрээнд хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд англи хэл заах хөтөлбөр, түүний үйл ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн талууд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг онцолж, энэ онд мөн харилцан айлчлалын давтамжийг хадгалан ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.