Хувийн хэвшлийн зарим эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-тай гэрээ байгуулан, иргэдэд хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Гэвч эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх ёстой зарим эмнэлэг эл үүргээ биелүүлэхгүй байна гэсэн гомдол байнга гардаг. Манай сонины нэгэн уншигч өчигдөр “Нэгэн хувийн эмнэлэг даатгалын цахим систем ажиллахгүй байна гэсэн шалтгаанаар хөнгөлөлттэй үнээр үйлчлэхгүй байна. Ямар учиртай вэ” гэсэн асуултыг бидэнд тавьсан юм.
Үүний дагуу ЭМДЕГ-ынхнаас лавлахад“Улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын цахим систем хэвийн ажиллаж байгаа. Тухайн эмнэлгийн нөхцөл байдал, программ хангамж зэргээс шалтгаалсан асуудал үүссэн байхыг үгүйсгэхгүй” гэв. Түүнчлэн тухайн эмнэлэг даатгалаар үйлчилгээ үзүүлэхгүй гэсэн тохиолдолд эхлээд Чанарын албанд нь хандан, ямар учиртайг тодруулах шаардлагатайг зөвлөлөө. Ингээд ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй бол тухайн эмнэлгийн талаар ЭМДЕГ-т мэдээлж, шалгуулах боломжтой аж. Мөн үйлчлүүлэгч ямар тусламж, үйлчилгээ авбал даатгалаас хэдий хэмжээний хөнгөлөлт эдлэх талаарх мэдээллийг улсын болон хувийн хэвшлийн аль ч эмнэлгээс шаардан авах, мэдэх эрхтэйг ЭМДЕГ-ынхан онцоллоо.