Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хүйтэн буйр багийн Төгрөг хэмээх газарт энэ сарын 12-нд цаг агаарын аюулт үзэгдэл болсны улмаас хоёр малчин уулын цасан нурангид дарагдсан. Тус сум дахь эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ослын талаарх дуудлагыг хүлээн авснаас зургаан цаг гаруйн дараа 29 настай малчин залууг нурангин доороос эсэн мэнд олж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад хүргэсэн юм. Тэгвэл түүнтэй хамт осолдсон 26 настай малчин залууг эрэн хайх ажиллагааг өчигдөр мөн үргэлжлүүлэв. Мэргэжлийн багийнхан болон ар гэрийнхэн нь уг иргэнийг гурав дахь өдрөө эрлээ. Осол болсон өдөр Баян-Өлгий аймгийн нийт нутгаар салхи шуургатай, цаг агаар тогтворгүй байсан гэнэ. Нурангид дарагдаж, сураггүй болсон малчин залуу Дэлүүн сумд малаа отроор өвөлжүүлж байжээ.
Бэлтгэсэн Н.Мишээл