Жендерийн үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр болж, хүйсийн тэнцвэрт байдлын тайлан, өнгөрсөн оны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар хэлэлцжээ. Томилогдох албан тушаалтан болох дэд сайд, Төрийн нарийн бичгийн болон агентлаг, яамдын газар, хэлтсийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нарын хувьд хуульд заасан квотыг хангасан гэнэ. Энэ үеэр жендерийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт үзүүлэхээс ангид байх хэм хэмжээг төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд хөдөлмөрийн дотоод журамдаа тусгаж, гарсан санал, гомдлыг шийдвэрлэсэн, эсэхээ тайлагнан урьдчилан сэргийлж ажиллах хэрэгтэйг сануулсан байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Жендерийн үндэсний хорооны орлогч дарга Д.Амарбаясгалан Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуульд тусгасан эмэгтэйчүүдийн квотыг цаашид ч хадгалах ёстойг хэлээд, их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын 61 хувь нь эмэгтэй, 18-34 насны малчдын 88 хувь нь эрэгтэй байгааг онцлов. Тиймээс орон нутаг дахь малчид, тэдний гэр бүлийн тогтвортой байдлыг хангах хүрээнд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд тусгайлсан бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох гишүүдэд үүрэг болгожээ.