АН-ын “4-11” мэдээллийн цаг өчигдөр болж, тус намын дэд дарга Ж.Баярмаа, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Жаргалан нар цаг үеийн сэдвээр байр сууриа илэрхийлэв. Б.Жаргалан “Сар шинийн баяраар ширээ засах зардал 46 хувиар өссөн байна. Мөн хүн амын 27 хувь нь ядуугаас доод түвшинд амьдарч байгаа тухай судалгаа гарчээ. Өргөн хүрээнд судалгаа хийвэл энэ тоо 50 хувь хүрнэ. Орлого буурч, амьжиргааны өртгөө дийлэхээ больж буй учраас насанд хүрсэн хүн амын 87 хувь нь хэрэглээний зээл авч байна гэсэн судалгаа бий. АН засгийн эрх барьж байх үед уг тоо 46 хувь байсан ч үүнд урт хугацааны ипотек зэрэг зээл голлосон. Одоо төсвийн орлого нэмэгдээд буй. 2023 онд Монгол Улс түүхэнд байгаагүй их буюу 70 сая тонн нүүрс борлуулж, 8.9 тэрбум төгрөгийн орлого олсон. АН-ын үед 1.5 тэрбум долларын “Чингис” бонд гаргаж, олон бүтээн байгуулалт хийсэн. Гэтэл зөвхөн нүүрсний орлогоос ийм ашиг олсон эрх баригч нам ямар ажил хийв. Энэ бүхэнд бодит дүгнэлт хийх хэрэгтэй” гэлээ.
Тус намын дэд дарга Ж.Баярмаа “Эдийн засаг хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь авлига. 2012 онд АН засгийн эрх авах үед авлигын индексээр манай улс 94 дүгээр байрт орж байлаа. Харин 2015 онд 22 байраар урагшилж, 72 дугаарт орсон. Гэтэл МАН засагласан сүүлийн найман жилд авлигын индексээр зогсолтгүй уруудаж байна. Шүүхийн хараат бус байдал, хэвлэлийн эрх чөлөө, гадаадын хөрөнгө оруулалтын орчин зэрэг олон үзүүлэлтээр энэ индексийг гаргадаг. МАН зүүний үзэл баримтлалтай нам учраас төрийг данхар байлгаж, халамж тарааж, сонгогчдыг авлигаддаг. Үүнд хэрэгтэй мөнгийг нь төрийн өмчит компаниуд “үйлдвэрлэдэг”. Тэд эрх барих бүрдээ яамд, төрийн албан хаагчдын тоог нэмдэг. 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” хэмээн зарласан ч 180 орноос 122-т орж, тоталитар дэглэмтэй Беларусь зэрэг оронтой зэрэгцлээ” гэсэн юм.
Мөн “Ногоон автобусны” зэрэг авлига, албан тушаалын хэргийг илрүүллээ гэдэг ч хэсэг хугацааны дараа таг болдгийг зогсоож, явцынх нь талаар байнга мэдээлэх, өвөлжилт хүндэрч буй нөхцөлд ямар арга хэмжээ авч байгаагаа олон нийтэд нээлттэй танилцуулахыг Засгийн газар болон ОБЕГ-аас шаардлаа.
Бэлтгэсэн С.Уул