Нийслэлийн хэмжээнд 33 байршилд халиа, тошин бий болж, шар усны үер болох эрсдэл үүссэнийг холбогдох албаныхан мэдээлсэн билээ. Тэр дундаа Сэлбэ гол дагуух газрууд шар усны үерт өртөх эрсдэл хамгийн өндөр байгаа. Тус голын халиа нь даландаа тулж, зарим хэсгээрээ давж хөлджээ. Тиймээс эрсдэл учрахаас урьдчилан сэргийлэхийн тулд голын мөсийг гаргаж, зөөх ажлыг эхлүүлсэн байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар үүний талаар “Эхний ээлжид Сэлбэ голын ай сав газрын мөсийг зөөж, Сонсголонгийн гүүрний баруун талд буулгаж байгаа. Ингэснээр цаг агаар дулаарч, цас, мөс хайлах үеэр ус чөлөөтэй урсах боломж бүрдүүлж буй. Сэлбэ голын сав газрыг чөлөөлөх энэ ажлыг 10 байршилд зэрэг эхлүүллээ. Үүнээс гадна Толгойт, Нарангийн, Улиастайн гол болон Чингэлтэй, Баянгол дүүрэг дэх үерийн байгууламжуудыг чөлөөлөх ажлыг зохион байгуулах төлөвлөгөөтэй” гэв.
Улсын онцгой комиссын Шуурхай штабынхан өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллажээ. Тус дүүргийн нутаг дэвсгэрийн долоон байршилд халиа, тошин үүссэн юм байна. Тухайлбал, VII хорооны нутаг дэвсгэрт 20 айлын хашаа, байшин, гэр усанд автжээ. Дүүргийнхэн нөхцөл байдлыг даамжруулахгүйн тулд мөсөөр далан босгож буйгаа мэдээлэв. Гэхдээ гэнэт дулаарч, цас, мөс хайлбал уг далан нь тэсэхгүй гэдгийг холбогдох албаныхан хэлжээ. Харамсалтай нь, тэдэнд үүнээс өөр шийдэл байхгүй гэнэ. Одоохондоо түр аргацаасан маягтай л байгаа аж. Цаашид 70 гаруй айл шар усны үерт автах эрсдэлтэй юм байна.
Шуурхай штабын бүрэлдэхүүн мөн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо буюу Бэлх орчимд ажиллажээ. Тухайн хэсэгт өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас халиа, тошин үүсэж эхэлсэн гэнэ. Үүний улмаас 40 айлын хашаа усанд автжээ. Халиа, тошинг газар авхуулахгүйн тулд мөсөн далан босгох ажлыг энд мөн гүйцэтгэж буй юм байна. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл дүүргийн хэмжээнд 200 гаруй айл усанд автах эрсдэлтэй аж. Тус дүүргийн нутаг дэвсгэрийн зургаан байршилд халиа, тошин үүсээд буй бөгөөд үүний улмаас одоогоор 10 гаруй айлыг нүүлгэсэн талаарх мэдээллийг Онцгой байдлын хэлтсээс нь өглөө.