Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2024 оны хоёрдугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтаас Монгол Улсын Засгийн газарт “Global Government Excellence Award” шагнал гардуулав.
Энэхүү нэр хүндтэй шагнал нь Засгийн газруудын шинэ технологи, инновацад суурилсан цахим шилжилтийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг туршлагад олгодог байна. Шагналыг уг Дээд түвшний уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцож буй Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн ордны Хөгжлийн бодлогын газрын дарга Эрхэм дээд Ханхүү Шейх Диаб бин Мухаммад бин Заид Аль-Нахъянаас гардан авлаа.