Монголын ногоон нам болон МҮАН-ын Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ХБНГУ-д ажиллаж, “Drees&Sommer” компанийн удирдлагатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Хот төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч тус компани эдийн засгийн үр ашигтай, тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, инновац шингээсэн төслүүд хэрэгжүүлдгээрээ олон улсад танигдсан аж. Ингэснээр Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул, Дорнод зэрэг томоохон аймгийн төвийг бүсчилсэн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан евро стандартыг баримтлан шинэчлэх шийдлийг хамтран боловсруулах гэнэ. Тус компанийн инженерүүд ойрын хугацаанд Монголд ирж, нийслэлийн агаарын бохирдол, нийтийн тээвэр, гэр хороолол, орон сууцын хүртээмж зэрэг асуудлын талаар манай мэргэжилтнүүдтэй уулзах юм байна. Улмаар хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийнхөө хүрээнд монгол залуусыг Германд сургах боломжийн талаар уулзалтын үеэр ярилцжээ. Тэрбээр эвслийн тэргүүний хувиар тавьсан илтгэлдээ “Үндэсний эвсэл нь хурдацтай хөгжиж буй хиймэл оюун ухаан, автоматжуулалт гэх мэт технологийн дэвшлийг эх орондоо нутагшуулахыг эрмэлзэнэ. Монголчууд бидний өнөөдөртөө чадахгүйг чаддаг гадаадын мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх, тэдгээрээс суралцахыг илүүд үзнэ. Тухайлбал, Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлыг дангаар цэгцэлж чадахгүй тул ногоон бодлоготой метрополис хотыг удирдах туршлага бүхий гадаадын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана” хэмээн онцолж байжээ.