Сумын сургуулийн дотуур байранд аав, ээжээсээ хол амьдардаг охин ариун цэврийн хэрэглэл авч чадалгүй хөвөнтэй хөнжлөө цуулаад хэрэглэсэн гунигт явдал гарч байв. Үүнийг нь мэдсэн дотуур байрны багш охины гарыг хугартал зодсон гэдэг. Мөн сарын тэмдэг нь ирсэн охид сургууль дээрээ сэтгэл санааны хувьд маш олон хүндрэлтэй асуудалтай тулгардаг хэмээн олон улсын судалгаанд дурдагджээ. Жишээлбэл, ангийнхаа хүүхдүүдээс ичиж санаа зовох, хувцас нь нэвтэрвэл багшдаа загнуулах, доромжлуулах, ариун цэврээ сахих хувийн орон зай бүхий ариун цэврийн байгууламжгүй, нүхэн жорлонтой зэрэг олон асуудал буй. Хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг эл асуудлыг шийдэхээр ариун цэврийн хэрэгсэл авах боломжгүйгээс охид хичээл сургуульдаа явдаггүй нь хүний эрхийн зөрчил гэж үзээд ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгох хуулийн санаачилга гаргасан. Уг санаачилгыг Ч.Ундрам гишүүн ч мөн дэмжсэн. Гэвч эл асуудлыг шийдэхэд тэдний хүч хүрээгүй, харин ч тэднийг доромжлогсдын тоо өссөн.
Ийм учраас манай улс эмэгтэйчүүдийг төлөөлдөг эрх мэдэлтнүүдийн тоог нэмэх шаардлага бий. Монгол Улс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхах, жендэрийн тэгш эрхийг хязгаарлах, аливаа хэлбэрийг хориглосон багагүй хууль тогтоомжтой ч хэрэгжилт нь хангалтгүй. Өдгөө Улсын их хурлын 76 гишүүний ердөө 13 нь эмэгтэй. Улсын их хурал дахь эрэгтэй, эмэгтэй гишүүдийн харьцааг харвал эмэгтэй гишүүд дөнгөж 17 хувийг нь эзэлдэг. Энэ тоо бол ардчилсан Монгол Улсад чамлалттай үзүүлэлт. Ийм ч учраас өнөөдөр Монгол Улс жендэрийн эрх тэгш байдлаараа 193 орноос 121-д бичигдэж байна.
Сарын тэмдгийн үеэр ариун цэврийн хэрэглэл үнэ төлбөргүй авах эрхийг хуулиараа олгосон анхны улс нь Шотланд бөгөөд тус улс 57 эмэгтэй гишүүнтэй. Мөн Шинэ Зеланд, Швед, Их Британи, ӨАБНУ зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт ариун цэврийн хэрэглэлийг орон нутгийн байгууллага, сургууль, залуучуудын байгууллагад үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан. Тэдгээр улсын ихэнх нь парламентад эмэгтэйчүүдийг төлөөлөх төлөөлөл нь 35-аас дээш хувьтай байдаг. Учир нь хүний эрхийг жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлэх, хамгаалахад эмэгтэй улстөрчдийн дуу хоолой хамгаас чухал. Эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр тэдний асуудал шийдэгдэхгүй хэмээн тус улсуудад үздэг.
Эмэгтэй гишүүд парламентынхаа цөөнгүй хувийг эзэлдэг улс орнуудад нийгмийн асуудал нь сайжирч, охид, эмэгтэйчүүд рүү чиглэсэн гэмт хэргийн гаралт буурч, авлига, хээл хахууль багасдаг нь судалгаагаар нотлогдсон. Тодруулбал, эмэгтэй гишүүд эрчүүдээс илүүтэйгээр нийгмийн орхигдсон асуудлуудыг анзаарч, тэдний төлөө нэгдэн дуу хоолойгоо өргөдөг. Манай улс 2024 оноос улс төрийн хүрээнд жендэрийн асуудлыг сөхөж, зарим хуульдаа өөрчлөлт оруулсан нь бага боловч дэвшил болов.
Ардчилсан нам 2023-2024 оныг “Эмэгтэйчүүдээ дэмжих жил” болгон зарлаж, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бол ХҮН-ын хувьд эмэгтэйчүүдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилготой “ХҮН 50:50” бодлогын бичгийг баталсан. Харин МАН жендэрийн тэгш байдлыг хуульчлах, эрх зүйн орчныг энэ жил бүрдүүллээ. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх, тэднийг хууль тогтоох дээд байгууллагад эрчүүдтэй эн тэнцүү өрсөлдөх боломжоор хангасан. Жишээлбэл, Сонгуулийн хуулийн 30.3-т Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглосон. Энэ заалтаар эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, залуу нэр дэвшигчдэд тулгардаг санхүүгийн бэрхшээл арилсан.
Мөн 30.5-т жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 буюу нэг эрэгтэй, эмэгтэй гэсэн хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ гэж заасан. Үүгээр жагсаалтын 48 гишүүний 50 хувь нь буюу тал нь эмэгтэй гишүүд байх юм. Үүнээс гадна жижиг тойргоор нэр дэвшигчдийн 30 хувьд эмэгтэй хүнийг нэр дэвшүүлнэ. Өөрөөр хэлбэл ирэх жилүүдэд эмэгтэйчүүд шийдвэр гаргах, бодлого боловсруулах, парламентад эзлэх хувь хэмжээ нэмэгдэх магадлалтай.
Тэгвэл энэ тухайд нийгэмд нөлөөлтэй эмэгтэйчүүд байр сууриа илэрхийлснийг онцлон хүргэе.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Жаргалан: Эмэгтэйчүүд улс төрд олноор орж ирэх нь цөөн хэдэн намын биш нийгмийн нийт асуудалд хамааралтай. Эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах нь даргын суудал булаацалдаж байгаа явдал биш. УИХ-ын гишүүн бол даргын ажил биш. Бодлого боловсруулах, хууль эрхзүйн орчныг бий болгох чадамжтай төлөөлөл гэсэн үг. Тиймээс квотод заасан босгоос дээш хувьтай болгож байж шийдвэр гаргах түвшинд тэгш оролцоо хангагдана.
Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр: Төрийн эрх барих дээд байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоо бага байгааг олон асуудалтай холбож тайлбарладаг. Тухайлбал, мэдлэг, ур чадвар дутмаг, эмэгтэйчүүд өөрсдөө улс төрд дургүй гэхчлэн олон шалтгаан дурддаг. Эдгээр нь үндсэн шалтгаан биш. Сонгуулийн тухай хуульд 20 хувь хүртэл гэж квот тогтоосон хэрнээ шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгаа нь эрхзүйн орчинд өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлагатайг харуулж байна.
ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл: Эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах талаар ярьж байгаа асуудал бол даргын суудал булаацалдаж буй явдал биш. УИХ-ын гишүүн бол даргын ажил биш. Бодлого боловсруулах, хууль эрхзүйн орчныг бий болгох чадамжтай төлөөлөл гэсэн үг. Тиймээс квотод заасан босгоос дээш хувьтай болгож байж шийдвэр гаргах түвшинд тэгш оролцоо хангагдана.