Нэг хүний оффис ажиллуулж, энэ төрлийн үйлчилгээ, соёлыг манайд нэвтрүүлэх, хөгжүүлэх санаачилгыг залуус гаргаж, үйл ажиллагаагаа хэдийн эхлүүлжээ. Үүний хүрээнд тэд “SoloStudy” нэртэй нэг хүний оффисыг өнгөрсөн оноос нээсэн гэнэ. “Нэг хүний оффис нь зорилго, үр дүндээ богино хугацаанд хүрэх боломж олгодог. Бас анхаарлаа төвлөрүүлэхэд ч тустай бөгөөд бусад хүн танд саад болохгүй гэдгээрээ онцлогтой. Олон улсад ийм үйлчилгээ хэдийн өргөн хүрээнд нэвтэрсэн” гэж уг ажлыг санаачлагчид хэлсэн юм.
Их сургуулийн гудамжинд байрладаг эл оффист нэг дор 30 хүнийг хүлээн авах боломжтой аж. Голчлон оюутнууд үйлчлүүлдэг гэнэ. Энэ нь өдөр бүр 09.00-20.00 цагт ажилладаг бөгөөд нэг цагийн төлбөр нь 2500 төгрөг юм байна. Оффис нь хүн бүрд зориулсан тусгай тасалгаатай, өндөр хурдны интернэттэй. “Нэг хүний оффис ажиллуулсан хугацаандаа оюутнууд төвлөрөн суухдаа тааруу юм уу гэж ажиглалаа” хэмээн“SoloStudy”-гийнхан ярилаа. Яг ийм нэг хүнд зориулсан оффисыг сүүлийн үед манайд нэлээд олноор байгуулаад буй юм билээ.