Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шилэн”-гийн хүрээнд ил болсон тусгай сангуудтай холбоотой дуулиан өөр бусад үйл явдалд дарагдан мартагдах шахаж байна. Шинжлэх ухаан, технологийн хэмээх Засгийн газрын тусгай санг шинжлэх ухаанаар далимдуулж албан тушаалтнууд нь цөлмөж, мөнгийг нь завшиж байх магадлалтай талаар бид өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-ны №233 (7792) дугаартаа “Шинжлэх ухаанаар далимдуулж мөнгө завшиж буйг хэрхэх вэ” гэсэн гарчигтай нийтлэлээр хүргэсэн билээ. Тодруулбал, тус сангаас санхүүжүүлсэн төслүүдийн тайланг албан тушаалтнууд нь “но”-той бүрдүүлж, танилцуулдаг, хөрөнгийг нь сургалтын үйл ажиллагаанд зарцуулсан хэмээн завшдаг байж болзошгүйг уншигчдад хүргэсэн. Тэгвэл Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС)-гийн болон шинжлэх ухааны салбарын үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланд нэлээд олон ноцтой, хөрөнгийг нь завшиж, шамшигдуулсан баримтыг ил болгожээ.
Үндэсний аудитын газраас “Төрөөс шинжлэх ухаан, технологийн салбарын талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, үр нөлөө” гэсэн гүйцэтгэлийн аудитын тайланд “Шинжлэх ухаан, технологийн салбарын нэгдсэн удирдлага, зохицуулалт хангалтгүй, инновац, технологи шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих дэд бүтэц бүрдээгүй, бодлого, хүний нөөц тогтворгүй, дотоод хяналт үр нөлөөгүй байна” хэмээн дүгнэжээ. Энэ удаа зөвхөн ШУТС-тай холбоотой, хууль зөрчсөн, бусдад давуу байдал олгосон, шинжлэх ухаанаар далимдуулж мөнгө завшсан үйлдлүүдийг нь хүргэе.
ШУТС-ГИЙН ЗАХИРАЛ АСАН Д.ЭНХЖАРГАЛД ДАХИАД ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДҮҮЛНЭ
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн сарын 22-28-нд долоон хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсний дунд ШУТС-гийн захирлаар ажиллаж байсан Д.Энхжаргалтай холбоотой үйлдлүүд багтсан байв. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, Засгийн газрын тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаал, ШУТС-гийн дүрэм зэргийг зөрчин орон тооны бус зөвлөлийг шинэчлэн баталж, 2017 оны долоодугаар сараас арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд хүмүүст мөнгө олгож, сандаа хохирол учруулсан хэрэгт холбогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, ШУТС-гийн орон тооны бус зөвлөл гэх бүтэц бий болгож, Б.Амарсайхан, С.Будням, Г.Дугаржав, Б.Батбуян, П.Пүрэвдаавуу нарыг томилж, заримыг нь ажил, үүрэг гүйцэтгээгүй байхад цалин олгон эдийн засгийн давуу байдал бий болгож, төрд хохирол учруулсан, М.Батболд, А.Мандахзул нарыг техникчийн орон тоонд давхардуулан томилж цалин олгож байсан, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин, төрсөн дүү Дамдины Амгалан-Энхийг Дамирангийн Амгалан-Энх нэрээр 2016 оны арванхоёрдугаар сард гийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр томилж, цалин олгож, нийт 15 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлээд байгаа юм. Уг нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрх үйлдлүүдэд гэм буруутайд тооцож, 13 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд гурван жил ажиллах эрхийг нь хассан шийтгэх тогтоол гаргаж байсан ч Дээд шүүх дахин шалгуулахаар болсны дагуу ийнхүү нэмэлт ажиллагаа хийж дууссан гэнэ.
Энд дурдсан ШУТС-гийн орон тооны бус зөвлөлд багтсан Г.Дугаржав бол Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй нэгэн. Үндэсний аудитын газраас явуулсан “Төрөөс шинжлэх ухаан, технологийн салбарын талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, үр нөлөө” гэсэн гүйцэтгэлийн аудитын тайланд ч Г.Дугаржав, ШУТС-гийн захирал Д.Энхжаргал нартай холбоотой баримтыг ил болгожээ. Түүнд “Аудитын явцад ШУТС-гаас хэрэгжүүлсэн зарим төслийн үйл ажиллагаанд холбогдох нэгжийн удирдлага Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчин, албан тушаалын байдлаа урвуулан өөртөө давуу эрх үүсгэсэн дараах зөрчлүүд илэрлээ.
Тухайлбал, салбарын яамнаас захиалаагүй, хэрэгжүүлэх төслийн саналын жагсаалтад тусгагдаагүй “Малын яснаас уургийн бүтээгдэхүүн гарган авах технологийн судалгаа” сэдэвт 118 сая төгрөгийн төслийг улсын захиалгат төслийн ангиллаар 2017 оны долоодугаар сарын 3-наас хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төслийн удирдагч Ц.Цэрэндорж, гүйцэтгэгч “Жэй жэй партнерс” ХХК-тай гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулснаас хойш 17 хоногийн дотор буюу 2017 оны долоодугаар сарын 20-нд ШУТС-гийн захирлаар ажиллаж байсан Д.Энхжаргал, захирлын орон тооны бус зөвлөх байсан Г.Дугаржав нар албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж Оюуны өмчийн газарт патентыг Ц.Цэрэндоржтой хамтран эзэмшихээр мэдүүлж, “Малын яснаас уургийн бүтээгдэхүүн гарган авах арга” ашигтай загварын патент авсан” гэжээ. Хэдийгээр Г.Дугаржавын ХАСХОМ-т “Жэй жэй партнерс” ХХК-ийн талаарх мэдээлэл, бүртгэл байхгүй, улсын бүртгэлийн байгууллагын нээлттэй мэдээлэлд тус компани нь өөр хүний нэр дээр бүртгэлтэй ч аудитын байгууллагын дээрх тайланд түүнийг үүсгэн байгуулсан хэмээсэн байгаа юм.
АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ БАЙЖ БОЛОХУЙЦ ТӨСЛҮҮДИЙГ ЯАГААД САНХҮҮЖҮҮЛЭВ
ШУТС-гийн хөрөнгөөс мэдээлэлд ойр хүмүүс авч ашиглаад хугацаандаа эргүүлэн төлөхгүй байх, эсвэл гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй атлаа дахин өөр төслийн нэрээр мөнгө авах явдал гарч байж. Ийм хэд хэдэн тохиолдол аудитын дүгнэлтээр илэрхий болжээ. Уг нь Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журмын 9.5-д “Төслийн гүйцэтгэгч энэхүү журмын 8.4-1, 8.4-2, 9.1 дэх заалтад зөрчсөн тохиолдолд удирдагчийн төсөл удирдах эрхийг гурав хүртэлх жилийн хугацаагаар түдгэлзүүлнэ” гэж заасан байдаг аж. Харамсалтай нь, ШУТС-гийнхан эрх зүйн эл баримт бичгээ үл ойшоодог бололтой. Уг журмын 8.4-1-т “Захиалсан үр дүн, санхүүжилтийн талаар зохих журмын дагуу бичсэн төслийн тайланг захиалагч, санхүүжүүлэгчид тогтоосон хугацаанд нь хүлээлгэн өгөх”-өөр тусгасан бол 8.4-2 дахь заалтад “Төслийн хүрээнд бий болсон шинжлэх ухааны шинэ мэдлэг (энэ журмын 8.2-т тусгагдсан баримтаар баталгаажсан)-ийн талаар улсын стандартын дагуу бичсэн эрдэм шинжилгээний ажлын тайланг итгэмжлэн хадгалагчид төсөл дууссанаас хойш гурван сарын дотор цахим болон хэвлэмэл хэлбэрээр хүлээлгэн өгөх” ёстой байхаар журамлажээ.
Харин 9.1-т “Гүйцэтгэгч нь төсөл дууссанаас хойш гурван сарын дотор түүний үр дүнг захиалагчид актаар хүлээлгэж өгнө” гэсэн байдаг. Эдгээр заалтыг зөрчсөн байхад хэн нэгний үүрэг даалгавар, нөлөөллөөс болсон уу, хэд хэдэн төсөлд санхүүжилт олгосон байх юм. Тухайлбал, ШУА-ийн грантын “Монголын соёлын өвийн онлайн сан байгуулах нь” төслийг 2017-2018 онд нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болж. Гэвч тус төслийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш таван жил өнгөрсөн атал тайлангаа хүлээлгэж өгөөгүй аж. Уг төслийн удирдагч нь Т.Галбаатар бөгөөд өмнө нь 2015-2018 онд хэрэгжүүлсэн нэг төслийнхөө тайлан, үр дүнг гаргаж өгөөгүй байхад санхүүжүүлсэн нь дээр дурдсан журмыг зөрчсөн үйлдэл . Мөн гадаадын судлаачидтай хамтарсан “Нисгэгчгүй нисэх аппарат дээр суурилуулсан георадар ашиглан тал хээр, говийн бүсэд гүний усыг илрүүлэх оновчтой аргуудын судалгаа” хэмээх 56 сая төгрөгийн төсөвт өртөгтэй төслийг 2020-2022 онд гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр байж. Харамсалтай нь, төслийн удирдагч Т.Галбаатар мөн л тайлан, үр дүнгээ хүлээлгэж өгөөгүйг аудитын тайланд тодотгожээ.
Түүнчлэн ШУА-ийн грантын “Монгол Улс дахь Орос, Хятадын ашиг сонирхол: Түүх ба орчин үе хамтын бүтээл” төслийг 2017-2018 онд нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон байдаг аж. Гэвч төслийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш таван жил өнгөрсөн байхад удирдагч Д.Шүрхүү өн л хүлээлгэж өгөөгүй гэнэ. Тэрбээр өмнө нь ШУТС-гаас ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн нэрээр “XX-XXI зууны Орос болон зүүн Азийн харилцааны нөхцөл дэх Монгол Улс” гадаадтай хамтарсан төслийг 2015-2017 онд хэрэгжүүлэхээр 12 сая, “Орос-Монголын харилцааны толь бичиг” гадаадтай хамтарсан төслийг мөн хугацаанд хэрэгжүүлж дуусгахаар дээрхтэй ижил хэмжээний хөрөнгө авсан гэнэ.
Эдгээрээс гадна ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн төслийг ШУТС-гаас санхүүжүүлж давуу байдал олгосон байж болзошгүйг аудитын тайланд тодотгосон байх юм. УИХ-аас 2012 оны нэгдүгээр сарын 19-нд баталж, мөн оныхоо тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21.1.2-т “Урьд ажиллаж байсан байгууллагатай гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, тухайн байгууллагаас олгодог зөвшөөрлийг хүсэх”-ийг хориглохоор заасан. Гэтэл хуулийн эл заалтыг зөрчин улсын захиалгаар хэрэгжүүлэх төсөлд ШУТС-гаас санхүүжилт гаргуулж, давуу эрх эдэлсэн тохиолдол бий. Тодруулбал, БСШУСЯ-ны 2017 оны захиалгатай, “Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг хамгаалах, ашиглах эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгох, оюуны бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлэх арга зам” төслийн сонгон шалгаруулалтад гурван удирдагч оролцсон байдаг аж.
Үүнээс Б.Ганцэцэг гэдэг хүний төслийг ШУТС-гийнхан дэмжиж санхүүжилт олгосон гэнэ. Угтаа бол төсөл шалгаруулах хуралд оролцсон 10 гишүүнээс дөрөв нь дэмжиж, зургаа нь татгалзсан байхад шалгаруулж давуу байдал олгосон нь мөнөөх удирдагч Б.Ганцэцэгтэй шууд холбоотой гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, уг төслийн удирдагч Б.Ганцэцэг нь ШУТС-гийн хэлтсийн даргаар 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2017 оны хоёрдугаар сарын 4-нийг хүртэл ажиллаж байв. Үүгээр ч тогтохгүй Б.Ганцэцэгийн удирдсан төслийн багийн зөвлөхөөр нь ШУТС-гийн захирал асан Д.Энхжаргал, гишүүнээр нь эл сангийн мэргэжилтэн Д.Одончимэг (сүүлд нь БШУЯ-ны мэргэжилтнээр ажилласан), шинжээчээр Л.Батдэлгэр (хожим ШУТС-гийн ахлах мэргэжилтэн болсон) нар багтсан нь хууль зөрчсөн, илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж болохуйц үйлдэл юм.
Үүнээс гадна ШУТС-гийн захирал асан Д.Энхжаргалтай холбоотой, ашиг сонирхлын зөрчилтэй гэж дүгнэж болох өөр төсөлд ч санхүүжилт олгосныг аудитын тайлангаар ил болгов. Тодруулбал, БШУЯ-ны салбар зөвлөлийн 2019 оны зургаадугаар сарын 14-ний хурлаар “Бруно брэндийн нэхмэл бүтээгдэхүүний технологийн туршилт, зүгшрүүлэлт” төслийг хэлэлцсэн аж. Эл төсөлд зургаан гишүүн санал өгснөөс цөөнгүй нь дэмжээгүй гэнэ. Уг төслийн гүйцэтгэгч нь “Эй эм ай интернэйшнл” ХХК бөгөөд удирдагч нь Д.Энхжаргал байж. Улмаар тус төслийг салбарын сайдын 2019 оны А/450 дугаар тушаалаар баталж, мөн оны А/514 тушаалаар төслийн гүйцэтгэгчийг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн болгож өөрчилсөн байгаа юм.
Түүнчлэн ХХААХҮЯ-наас 2018 онд захиалсан “Амьтан, ургамлын гаралтай тэжээлийн нэмэлт үйлдвэрлэх технологи” төслийн гэрээг 2018 оны аравдугаар сард ШУТС-тай байгуулжээ. Энэ үед төслийн удирдагч Т.Ган-Эрдэнэ гэдэг хүн байсан агаад тэрбээр БСШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан нэгэн гэнэ.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАНГААР ТУШААЛ ГАРГУУЛЖ, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нэгэнтээ “ШУТС сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 4278 судалгааг хөгжүүлэхэд 178.6 тэрбум төгрөг зарцуулсан боловч үр дүн нь чамлалттай, маш муу гарсан. Цаашид төсөл, судалгаа санхүүжүүлэхэд тоонд бус чанарт анхаардаг болно” хэмээн мэдэгдсэн билээ. Гэтэл түүний тушаалаар ШУТС-гийнхан бусдад давуу байдал олгосон байж болзошгүй үйлдэл гаргасныг ч аудитын тайлангаас танилцаж болно. Тэрбээр 2021 оны нэгдүгээр сард сайдаар томилогдсон байдаг.
Тэгвэл БШУ-ы сайдын 2021 оны аравдугаар сарын 5-ны А/343 дугаар тушаалаар “Монгол дахь улс төрийн хөгжил 1990 оноос хойш улс төрийн институц, харилцаа, үйл явц” суурь судалгааны төсөл хэрэгжүүлэхээр болсон аж. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэх, судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг нийгэм, улс төрийн амьдралд нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 1990 оноос хойших Монголын улс төрийн хөгжил, харилцаа, үйл явцыг онолын болон эмпирик түвшинд шинжлэн судалж, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх арга зам, ы онцлогт нийцсэн улс төрийн хөгжлийн оновчтой загвар, шийдлийг боловсруулах чиглэлийн эл төслийн гэрээний үнэ 155.2 сая төгрөг гэнэ.
Гэтэл ШУТС-гийнхан ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шууд гэрээ байгуулжээ. Уг төслийн удирдагч нь С.Мөнхбат гэдэг хүн бөгөөд БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар 2018 оны наймдугаар сарын 13-наас 2020 оны наймдугаар сарын 21-нийхооронд ажиллаж байсан нэгэн. Энэ төслийг хэрэгжүүлэхээр санхүүжилт авахдаа хавсарга судалгааны анхны төслийн саналыг хэлбэрийн төдий, ердөө гурван хуудас санал бэлтгэж, үр дүн, нийгэмд үзүүлэх нөлөө, ач холбогдлыг урьдчилан бодитой тодорхойлоогүй, гарын үсэг зурж баталгаажуулаагүй, дутуу бүрдэлтэй бичиг баримт өгсөн байхад гэрээ байгуулсан нь хачирхалтай. Магадгүй ШУТС-гийн хөрөнгөөр БШУЯ болон эл сангийн эрх мэдэлтнүүд “туйлж” байсны илрэл болов уу.
Монгол Улсын ерөнхий аудиторын 2023 оны арванхоёрдугаар сарын 15-ны тушаалын хоёрдугаар хавсралтад “ШУТС-гаас санхүүжүүлсэн 65 төслийн хөрөнгөөс 460.5 саяыг анхан шатны баримтгүйгээр, 38 төслийнхөөс 137.3 сая гаруйг зориулалт бусаар зарцуулсан байхад тайланг хянаж хүлээн аваагүй. 81 төслийн хөрөнгөөс 1.1 тэрбум төгрөгийн бүрдэл дутуу байхад тайланг хүлээн авсан. БШУЯ, ШУТС-д ажиллаж байсан дөрвөн хүн төсөл хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсныг таслан зогсоох” ёстойг холбогдох байгууллагад зөвлөсөн байх юм. Энэ мэтээр Засгийн газрын нэг тусгай сангийн хөрөнгийг мэдээлэлд ойр эрхмүүд цөлмөсөөр байдаг ажээ.