Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд эрхлэх асуудлынхаа хүрээнд нийт 5 удаа хуралдаж, зургаан бүлэг асуудлын хүрээнд Ажлын хэсгийн хуралдааныг найман удаа зохион байгууллаа. Энэ хугацаанд Байнгын хорооны 6 тогтоолын төсөл, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээллийг хэлэлцэн шийдвэрлүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэн санал, дүгнэлт тус бүр 2-ыг чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороонд хүргүүлжээ.
Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 209 дүгээр захирамжаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баярсайхан, Б.Бейсен, Н.Энхболд нар ажиллаж байна.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо нь хууль тогтоомжийн төслийг олон нийтэд таниулан сурталчлах хэлэлцүүлгийг 3 удаа, хууль тогтоомжийн төсөлд санал авах, нийтээр хэлэлцүүлэх уулзалт 2 удаа, төрийн байгууллагуудын албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг 5 удаа зохион байгуулжээ. Мөн тус Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд батлагдсан хууль тогтоомж, тогтоол, албан бичгийн гурван ботийг Улсын Их Хурлын архивын нэгж болгон шилжүүллээ