Наадам ирдгээрээ ирнэ гэгчээр УИХ-ын сонгууль ч дөрвөн жилийн дараа болдгоороо болж байна. Намууд нэр дэвшигчдээ тойрог тус бүрээр тодруулж, СЕХ-нд нэрсийг өгчихсөн. Хэдийгээр нэр дэвшигчийн үнэмлэхээ хараахан аваагүй ч намуудаас тодорсон нэр “хөдлөөд” байх нь харьцангуй бага. Тиймээс аль тойрог дээр хэн, хэн хоорондоо тулах талаар хамтдаа сонирхож үзье.
Баруун бүсийн нэгдүгээр тойрогт МАН-аас УИХ-ын дарга Г.Занданшатар, Г.Тэмүүлэн, Г.Сайханбаяр, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, А.Цогцэцэг, Г.Ганболд, Б.Батцэцэг, Б.Даваадалай нар өрсөлдөнө. Есөн мандаттай том тойргийг ч хэлэх үү өмнө нь парламентад сууж байсан, одоо ч байгаа мөн Засгийн газрын гишүүд гээд туршлагатай улс төрчдийн баг бүрдүүлжээ.
Тэдний эсрэг мөн л дор хаяж 1-2 парламентад дараалан суусан Д.Ганбат, А.Адъяасүрэн, С.Ганбаатар, Э.Болорчулуун болон О.Алтангэрэл, П.Мөнхтулга, Д.Цогтбаатар, Г.Хосбаяр, Д.Жаргалсайхан зэрэг шинэ залуусаар цус сэлбэсэн баг өрсөлдөх нь.
Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн 2 дугаар тойрогт ер нь л бэл бэнчинтэй эрхмүүд тулах нь. МАН-аас генсек Д.Амарбаясгалан, Ц.Цэрэнпунцаг, Ч.Чойжилсүрэн, АН-аас О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар нарын дунд гол тулаан болж магадгүй. О.Амгаланбаатар усны сав дээр нэр, зургаа тавьж, тараасан гээд үе, үе хэл аманд орчих гээд байдаг ч зүрх зоригтой залуу дарга гэгддэг.
Д.Амарбаясгалангийн хувьд шаггүй улс төрч, сайн менежер. Б.Баярсайхан гишүүний хувьд нутаг усандаа нэртэй, энэ удаагийн парламентын эмэгтэй улс төрчдөөс рейтинг өндөр, харин З.Нарантуяа шинэ үеийн шаггүй эдийн засагч. Намаас гадна санхүү, эдийн засгийн бүх шатны байгууллагын алба хашиж ирсэн бэлтгэгдсэн боловсон хүчин.
Энэ удаагийн сонгуулийн дуулиан Булган, Хөвсгөл, Орхон аймгийн нэр дэвшигч дээр гарсныг бүгд мэдэж байгаа. Ерөнхийлөгчийн албанаас буугаад УИХ-д нэр дэвших шийдвэр гаргасан цорын ганц Ерөнхийлөгч бол Х.Баттулга. Тэрбээр энэ удаад 4 дүгээр тойргийг манлайлан оролцох гэнэ. Түүнийг дагаж улс төрийн “поп дива” гэлцдэг Ж.Батзандан өөрийн үүсгэн байгуулсан ШИНЭ намаа орхин АН-д нэгдсэн. Тэдэнтэй тулахаар МАН Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнийг одоогийн парламентын гурван гишүүний хамт илгээжээ.
Түүнчлэн тойргоосоо урвасан хэд хэдэн нөхөд бий. БЗД-ийн Б.Саранчимэг, Сонгинохайрханы Н.Учрал, Орхоны О.Баасанхүү, Дарханы С.Ганбаатар нарыг дурдаж болно.
Энэ удаагийн сонгуулийн нэр дэвшилтэд бас нэг “шинэ” өөрчлөлт орсон. Хэдийгээр нэр дэвших боломж “томссон” ч жендерийн асуудал хүч түрж орж ирсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.2-т “…Нам, эвслээс нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэж заасан. Энэ нь “...Нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэсэн үг.
Түүнчлэн уг хуулийн 30.6-д “…Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ” гэж заасан. Энэ нь “…Жагсаалтад бичигдэх хүмүүсийг эрэгтэй эмэгтэй, эсвэл эмэгтэй эрэгтэй гэж сөөлжүүлж бич” гэсэн заалт юм.
Зарим нам, тухайлбал МАН тойрогт нэр дэвшүүлэхдээ ч энэхүү “…1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дараалал”-ыг хэрэгжүүлж буй. Энэ бүхнээс харахад энэ сонгууль эмэгтэй нэр дэвшигчдэд нэлээд боломж гарч ирсэн. Шинэ УИХ-д эмэгтэй гишүүд өмнөх сонгуулиудаас илүү олноороо орж ирэх нь ээ.
Өөрөөр хэлбэл, нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэв. АН-ынхыг С.Одонтуяа өнгөлж байна. Тэрбээр өдгөө УИХ-ын дэд даргын албан тушаалтай. УИХ-д хэд хэд сонгогдчихсон. “...АН-аас эмэгтэй лидер олоод ир” гэвэл С.Одонтуяа орж л таарна. Тэрбээр УИХ-д 2012, 2020 онд хоёр удаа сонгогдсон.
Харин МАН-ыг Мөнхчулууны Энхцэцэг гэх залуухан доктор өнгөллөө. Австралийн Middleton group-ийн Эрчим хүчний Ахлах инженер ажилтай түүний өөр мэдээлэл одоогоор байхгүй, тун нууцлаг байгаа юм.
Үргэлжлэл бий.