Аюулт үзэгдэл, ослын дуудлага сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдсэнийг ОБЕГ-аас мэдээлэв. Өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 29- нөөс хоёрдугаар сарын 4-нд улсын хэмжээнд үүнтэй холбоотой 112 дуудлага бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийнхоосоо 21-ээр өссөн үзүүлэлт болжээ. Тодруулбал, энэ хугацаанд объектын гал түймэр 83, хүний үйл ажиллагаанаас үүдсэн осол 25 (төөрсөн, цасанд суусан, зам, тээвэр, усны), газар хөдлөлт, гоц халдварт өвчний тохиолдол тус бүр хоёр бүртгэгдсэн байна. Объектын түймэр өмнөх долоо хоногийнхоос 12-оор нэмэгдсэн аж.
Өнгөрсөн сарын 29-нөөс хойш гал түймрийн улмаас хоёр, зам, тээврийн ослоор тав, ахуйн ослоос болж гурван хүн нас барж, хоёр иргэн бэртэж гэмтжээ. Нийслэл, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид сүүлийн долоо хоногт гурван иргэний амийг аварсан байна.