Нийтийн өргөдөл, гомдлын d-petition системд байршуулсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн эхний удаа 60, үргэлжлүүлэн 40 буюу нийт 100 жилээр газар ашиглах, эзэмших нь үндэсний аюулгүй байдалд харшилж буй тул холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байна” хэмээх өргөдлийг 100 мянган иргэн дэмжиж, гарын үсэг зураад байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр “Иргэдтэй уулзахад эл асуудалд санаа зовж буйгаа олон хүн илэрхийлж байна. 100 мянган иргэн дэмжсэн учраас УИХ-ын Тамгын газраас холбогдох хуулийн төслийг боловсруулж, байнгын хороод болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой. Үүний дагуу Тамгын газрынхантайгаа цахимаар хуралдаж, 2013 онд баталсан эл хуулийн заалтыг хүчингүй болгохоор төсөл боловсруулан, Засгийн газраас санал авахаар шийдвэрлэлээ. Энэ төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэнэ. Дээрх заалтыг 2013 онд нэр бүхий гишүүд санаачлан батлуулсан юм билээ. Энэ талаарх мэдээллийг дараа тодорхой өгөх болно” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.
Иргэн Н.Номун-Эрдэнэ d-petition системд дээрх өргөдлийг байршуулахдаа тухайн заалт ямар хуулийнх болохыг дурдаагүй. УИХ-ын дарга ч үүнийг тодорхой нэрлэсэнгүй. Харин Засгийн газраас санаачилсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын өнгөрсөн чуулганы төгсгөлд хэлэлцэх үеэр эл заалтыг сөхөж, нэр бүхий улс төрчид талцах болсон. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг 2013 онд шинэчлэн баталсан бөгөөд 12 дугаар зүйлд нь “Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” байдлаар хөрөнгө оруулагчид татварын бус дэмжлэг үзүүлж болохоор заажээ.