АН-ын зарим гишүүн өчигдөр мэдээлэл хийж, намын дарга Л.Гантөмөрт хилийн хориг тавихыг хууль, хяналтын байгууллагынхнаас шаардав. Тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат “АН-ын дарга Л.Гантөмөр Боловсролын зээлийн сангийн болон нүүрсний гэх тодотголтой хэрэгт нэр холбогдож, түүгээрээ эрх баригчдад барьцаалагдаж байна. Иймд түүнийг албан тушаалаас нь огцруулах ёстой” гээд түүнд хилийн хориг тавиулах шаардлагаа АТГ, Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж буйгаа дуулгалаа.
Мөн тус намын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Б.Алтанхуяг “Л.Гантөмөр АН-ыг удирдах болсноос хойш намын рейтинг буурсаар 15 хувьд хүрлээ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хамтран боловсруулах санамж бичигт МАН, ХҮН намын удирдлагын хамт гарын үсэг зурахдаа энэ тухайгаа ҮБХ-гоор хэлэлцүүлж, шийдвэр гаргаагүй. Н.Алтанхуяг АН-ын дарга байхдаа МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллана гэж санамж бичигт гарын үсэг зурсан нь намын дүрмийг зөрчиж, Засгийн газрыг нь огцруулах үндэслэлүүдийн нэг болж байсан юм шүү” гэв.