УИХ-ын бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхтэй холбогдуулан олон гишүүнтэй парламентуудын хуралдааны дэг, ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааг судалж, сайн туршлагыг нь нэвтрүүлэх шаардлага тулгарч буй. Үүний дагуу УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат ИБУИНХУ-ын парламентын тогтолцоо, үйл ажиллагаа, хуулийн төсөл боловсруулах, батлах үйл явц, өргөдөл, гомдлын цахим систем, хууль тогтоох байгууллагын талаарх олон нийтийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр туршлага судлахаар тус улсад ажиллав.
Ажлын айлчлалын хүрээнд ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат тус улсын парламентын Нийтийн танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Том Гоулдсмиттэй уулзлаа. Хоёр улсын парламентын Тамгын газрын хоорондох хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг тэд тэмдэглээд, парламентат ёсны хөгжил, ур чадварыг харилцан солилцох, мэргэжилтнүүдийг дадлагажуулах, тус тусын болон бусад орны туршлагыг судлахад хамтран ажиллахаар ярилцав. Мөн ерөнхий нарийн бичгийн дарга Том Гоулдсмитийг Нийтийн танхимын төлөөлөгчдөө тэргүүлэн тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан юм. Нийтийн танхим нь 650 гишүүнтэй бөгөөд сонгуулийг нэг мандаттай 650 тойрогт мажоритар системээр явуулдаг аж.
Түүнчлэн “Ардчиллыг дэмжих Уэстминстерийн сан”-гийн Европ, Төв Азийн хөтөлбөрийн ахлах зохицуулагч Роб Ван Лэувэн, парламент дахь Британи, Монголын бүлгийн дарга Жэймс Грэй нартай уулзсан юм.
Бэлтгэсэн Б.Уран