Дөнгөж 30 настай, залуухан, сайхан бүсгүй хорт хавдар хэмээх аюулт өвчинтэй нүүр тулсан тухайгаа цахим орчинд хуваалцсан нь олон нийтэд нэгийг бодогдуулсан нь саяхан. Тэрбээр “Хүн эхлээд өөрийгөө л хайрлаарай, жаахан бааштай байхад гэмгүй юм байна. Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт жилд нэг удаа заавал хамрагдаарай” хэмээн чин сэтгэлээсээ захиж, анхааруулж хэлснийг энд дахин сануулахад илүүдэхгүй биз. “Тэрсхэн хоёр охиноо орхиод би яаж явах билээ, ядаж нэг жилийн өмнө мэдсэн бол ингэж хожуу шатандаа орохгүй ч байсан юм бил үү” хэмээн харамсал тээсэн түүний яриа олон хүнд ухаарал өгсөн болов уу.
Монгол Улсад 2023 оны эцсийн байдлаар хорт хавдартай гэж оношлогдсон 28 855 хүн амьдарч байгааг Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-өөс мэдээлсэн. Тэдний 43 хувь нь тав болон түүнээс дээш жил амьдарч байгаа аж. Сүүлийн 30 жилд манай улсад хорт хавдрын өвчлөл, нас баралт буураагүй, харин ч өссөөр байна. Өнгөрсөн онд манай улсад 7244 хүн хавдартай гэж оношлогджээ. Энэ бол нэг жилд бүртгэгдсэн тохиолдлын түүхэн дээд хэмжээ юм. Хавдартай нь батлагдсан хүмүүсийн тоо жилээс жилд л нэмэгдээд байгаа гэсэн үг.
Харамсалтай нь, хорт хавдраар нас барсан хүмүүсийн талаас илүү буюу 62 хувь нь оношлогдсоноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд амьдарчээ. Энэ бол 2023 оны үзүүлэлт. Эл үзүүлэлт 2022 онд66 хувь байсан гэнэ. Мөн эл өвчнөөр оношлогдсон хүмүүсийн 65 хувь нь гурав, дөрөв буюу хожуу шатандаа эмнэлэгт ханджээ. Гэхдээ 2022 онд оношлогдсон хүмүүсийн 70 хувь нь хожуу үедээ хандсан бол энэ тоо 2023 онд таван хувиар буурсан гэх эерэг мэдээ байна.
ХОРТ ХАВДРЫН ШАЛТГААНТ НАС БАРАЛТААР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛСЭЭР БАЙНА
Жил бүрийн хоёрдугаар сарын 4-нд Хавдрын эсрэг дэлхийн өдөр тохиодог. Энэ жил уг өдрийг тохиолдуулан “Хавдаргүй ирээдүйн төлөө бүгдээрээ эрх мэдэл, манлайллаараа нэгдэцгээе” уриалгыг дэлхийн хэмжээнд дэвшүүлжээ. Монгол Улс хорт хавдраар нас барсан хүний тоогоороо дэлхийд нэгдүгээр байрт бичигдсэн хэвээрээ байна. Мөн элэг, ходоодны хавдрын шалтгаант нас баралтаараа ч олон улсад тэргүүлж байгаа юм.
Хавдрын өвчлөл буурахгүй, харин ч нэмэгдээд байгаа шалтгааныг ХСҮТ-ийн Бүртгэл тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаагаас тодруулахад “Манай улсын хувьд сүүлийн таван жилд хорт хавдрын нөхцөл байдал төдийлөн өөрчлөгдөөгүй хэвээрээ. Өөрөөр хэлбэл, нийт хавдрын 32 хувийг элэгнийх эзэлж байна. Гэхдээ өнгөрсөн 10 жилийн үзүүлэлттэй харьцуулахад элэгний хавдрын эзлэх хувь бага зэрэг буурсан. ДЭМБ-аас 185 улс оронд хийсэн судалгаанаас харахад дэлхий нийтэд хөх, түрүү булчирхай, уушги, бүдүүн, шулуун гэдэс, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл давамгай байгаа. Харин Монголд элэг, ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүүний хавдар түгээмэл байна. Тэр дундаа элэгний хавдрын өвчлөлөөр 185 улстай харьцуулахад хамгийн эхэнд бичигддэг. Манай улсын эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги, улаан хоолой, бөөр, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар их байгаа. Эмэгтэйчүүдийн хувьд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, бүдүүн, шулуун гэдэсний хавдраар зонхилон өвчилж буй. Манайд умайн хүзүүний хорт хавдрын 60 гаруй хувийг эрт үед нь оношилдог. Энэ нь 2012 оноос хойш эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлж, цогц арга хэмжээ авсны үр дүн гэж болно. Эрэгтэйчүүдийн хувьд нойр булчирхайн хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болж байна” гэв.
Түүнчлэн олон улс дахь нөхцөл байдлын талаар Т.Ундармаа “ДЭМБ 185 улсын хавдрын өвчлөл, нас баралтын байдал 2040 онд хэдэн хувиар өсөх, буурах үзүүлэлтийг өнгөрсөн оны хүний хөгжлийн индекстэй нь холбож гаргажээ. Манай улс хүний хөгжлийн индекс харьцангуй өндөр орны тоонд орж байгаа юм. Ийм улс орны тухайд хорт хавдрын өвчлөл 56, нас баралт 71 хувиар нэмэгдэнэ гэсэн ерөнхий үзүүлэлтийг ДЭМБ гаргасан. Үүнд тулгуурлан улс орнууд халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралтыг бууруулах, дундаж насжилтыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Улмаар нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад тулгуурлан бодлогоо боловсруулж, үйл ажиллагаа явуулж буй. Монголд 2040 он гэхэд хорт хавдрын өвчлөл 96 хувиар нэмэгдэх тооцооллыг ДЭМБ гаргасан. Мөн эрэгтэйчүүдийн хавдраас шалтгаалсан нас баралт 97, эмэгтэйчүүдийнх 121 хувиар өсөх хандлагатай байна” гэв.
Манай улсын хувьд хорт хавдрын өвчлөл, нас баралт бүс нутгаар харилцан адилгүй байдаг. Тухайлбал, өвчлөл Увс, Орхон, Говь-Алтай, Хэнтий, Дорнод аймагт өндөр байна. Тэр дундаа Увс, Дорнод, Говь-Алтай, Сүхбаатар, Дархан-Уул аймаг нас баралтын тохиолдлоор эхний таван байрт орж буйг мэргэжилтнүүд дуулгалаа. Агаар дуслын замаар халдварладаггүй хэрнээ хүн амын дунд гамшгийн хэмжээнд хүрсэн хорт хавдар ирэх жилүүдэд улам нэмэгдэх таагүй дүр зургийг дээрх мэдээллээс харж болно. Агаарын бохирдол, чанар муутай хоол хүнс, амьдралын буруу хэв маяг, архи, тамхи, хорт зуршлын хэрэглээ зэрэг нь хорт хавдрын хүрээг улам тэлсээр.
Анхаарах шаардлагатай бас нэг асуудал нь хавдраар өвчилж, нас барж буй хүмүүсийн багагүй хувийг залуус эзлэх болсон нь юм. Өнгөрсөн оны эцэст хорт хавдраар өвчлөгсдийн 87 хувийг 45-аас дээш насныхан эзэлж байгаа. Харин 13 хувийг нь залуус эзэлжээ. Хэдийгээр эл тоо бага юм шиг харагдавч залуу хүн хавдраар өвчлөх, нас барах тохиолдол жилээс жилд нэмэгдэж буйг ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү хэлсэн. Тэрбээр “Уушгины хорт хавдраар 20, 25 нас хүрээгүй залуус өвчилж байна. Маш харамсалтай. Урьд нь ийм зүйл харж байгаагүй. Дэлхийн улс орон нүдэнд харагдаж, хамарт үнэртдэггүй агаарын бохирдлын тухай ярьдаг. Харин бид нүдэнд харагдаж, хамарт үнэртдэг, тэр ч бүү хэл, аманд мэдрэгддэг агаарын бохирдолтой орчинд амьдарч байна шүү дээ. Ийм улсад гурав болон түүнээс дээш жил амьдрахад уушгины хавдраар өвчлөх магадлал гурван хувиар нэмэгддэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр 10-15 жилийн дараа гэхэд манай улсад уушгины хавдар тэргүүлэх магадлалтай” хэмээсэн.
10 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР “ХАВДАР-2” ЭМНЭЛГИЙН СУУРИЙГ ТАВИХ НЬ
Улсын хэмжээнд хавдрын төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлдэг ганц төв нь ХСҮТ. Тус төв өдөр бүр хөл гишгэх зайгүй шахам үйлчлүүлэгчтэй байдаг. Туяа эмчилгээний тасаг нь л гэхэд улсын хэмжээнд ганцхан уг эмнэлэгт бий. Эмнэлгийн ачааллын талаар ХСҮТ-ийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ц.Уранчимэг “Ачаалал жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Гэсэн ч бид аль болох л үзлэгийн хүлээх хугацааг бууруулахаар ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хүлээх хоногийг эрс бууруулсан. Эрт илрүүлэгтэй холбоотойгоор толгой, хүзүү, хөхний тасгаар үйлчлүүлэх иргэдийн хүлээгдэл их байгаа. Учир нь эрт илрүүлгээр хавдрын сэжигтэй тохиолдол илэрсэн иргэд манайд ирж оношоо тодруулдаг” гэлээ.
Тус төвийн ачааллыг багасгаж, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх гарц нь “Хавдар-2” эмнэлгийг барих гэж ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү ярьсан. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд ХСҮТ-ийн шинэ барилга барих нь зөв, буруу гэж их маргалаа. Эрт илрүүлгийг сайжруулах нь зөв. Гэхдээ хүчин чадал сайтай эмнэлэггүйгээр аливаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Манай эмнэлэг ХСҮТ гэдэг утгаараа судалгаа, сургалт явуулдаг байх ёстой. Эмч нар үндсэн ажлынхаа хажуугаар судалгаа хийж, үр дүнгээ нотлох нь чухал юм. Бусад улс орон хавдрын төвүүдээ яаж хөгжүүлж байгаа билээ. Орчин үеийн шаардлагад нийцсэн, судалгаа, сургалтын үйл ажиллагаа явуулах боломжтой, агааржуулалт сайтай эмнэлэгтэй болмоор байна. Манай эмнэлэг хотын төвд байрладаг ч бохироо соруулдаг шүү дээ. Халдвар хамгааллаас эхлээд стандарт шаардлага хангаж буй, эсэхийг анхаарах л асуудал. Богдхан ууланд шинэ барилга барихад 300 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий. Одоогоор Засгийн газраас 10 тэрбум төгрөг шийдвэрлэж өглөө.
Энэ мөнгөөр хавдрын шинэ эмнэлгийн суурийг тавихад шаардлагатай дэд бүтэц болон барилгын зураг төслийг шийдэхээр ажиллаж байна. “Хавдар-2” эмнэлгийг барих асуудал найман жилийн өмнө Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон ч өдий хүртэл хэрэгжүүлээгүй нь харамсалтай. Жилээс жилд нэмэгдэж байгаа хавдартай бид цогц төлөвлөгөөгөөр тэмцэх ёстой. Өөрөөр хэлбэл, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгээр хавдрыг эрт шатанд нь илрүүлэх, зөв, шуурхай оношлох, эмчлэх гэсэн цогц үйл ажиллагаа явуулах нь чухал. Дэлхий нийт хавдрын өвчлөлд гойд анхаарч, тодорхой насны хүн ам болон эрсдэлт бүлгийнхнийг оношлох, эрт илрүүлэх бодлого баримталдаг. Үүнийг Монгол Улсад хэрэгжүүлж, хяналтын тогтолцоо бий болгох хэрэгтэй. Одоо бол манай улсад нийтийг хамруулсан эрт илрүүлэг хийж байна. Мөн ХСҮТ-өөс туяа эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, хамгийн сүүлийн үеийн аппарат суурилууллаа. Үүний тусламжтайгаар бид ирэх гуравдугаар сарын 1 гэхэд элэгний хавдартай өвчтөнд туяа эмчилгээ хийдэг болно. Мөн тархины хавдрын үед энэ эмчилгээг хийх юм. Энэ тусламж, үйлчилгээг нарийн стандартын дагуу хийх тул олон улсын байгууллагаар хянуулж байгаа” гэв.
Монголчуудын дунд түгээмэл тохиолддог элэг, ходоодны хорт хавдрын араас “хурдтай” ирж буй уушгины хавдарт анхаарал хандуулах цаг болсныг ХСҮТ-ийнхөн онцолсон. Айдас дагуулсан хорт хавдар аюул, гамшгийн хэмжээнд хүрэхэд ойрхон иржээ.