Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэдаваа тус улсын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Чой Рюн Хэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ. Түүнийг Элчин сайдаар томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг УИХ 2021 оны долоодугаар сард хэлэлцэн дэмжиж, аравдугаар сард томилсон ч цар тахлын улмаас тус улсад тогтоосон хоригтой холбоотойгоор итгэмжлэх жуух бичгээ сая өргөн мэдүүлж, үүрэгт ажилдаа албан ёсоор орж буй нь энэ.
Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих үеэр Элчин сайд Л.Эрдэнэдаваа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Солонгосын хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Унд уламжлахыг хүссэн байна. Мөн манай улс БНАСАУ-тай тогтоосон түүхэн, уламжлалт, найрсаг харилцаагаа цаашид гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ. Чой Рюн Хэ Монгол Улстай хөгжүүлж ирсэн 75 жилийн түүхэн, уламжлалт, найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлж, Элчин сайдын ажилд нь амжилт хүсэв.