Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос ахмад настны эрхийн судалгаа хийсэн талаараа өчигдөр мэдээлэв. Эл судалгаанд нийслэлийн есөн дүүргийн гэр хороололд амьдарч буй 600 гаруй настныг хамруулжээ. Ахмад настны тухай хуулийн зургаадугаар зүйлд заасан хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хөгжих эрхийн хэрэгжилтийг уг судалгаагаар тодруулахыг зорьжээ. Судалгаанд оролцогчдын 51.3 хувь нь хөдөлмөр эрхлэх сонирхолтойгоо илэрхийлсэн байна. Гэтэл манайд ахмад настны онцлогт тохирсон ажлын байр хомс гэж ХЭҮК-ынхон дүгнэжээ. Тиймээс цаашид тэдний онцлогт тохирсон ажлын байр бий болгох нь зүйтэй гэж үзсэн аж. Мөн ийм ажлын байр бий болгосон байгууллага, аж ахуйн нэгжийг татварын бодлогоор дэмжих замаар өндөр настнуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргажээ.
Ахмад настны тухай хуульд тэдний эрүүл мэндийг дэмжих зорилгоор аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад Ахмад настны кабинет байгуулахаар тусгасан байдаг. Гэтэл эл заалтын хэрэгжилт улсын хэмжээнд дөнгөж 53 хувьтай гэнэ. Тиймээс цаашид өндөр настнуудад үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, мэргэшсэн хүний нөөцийг ч бэлтгэх нь зүйтэй гэв. Мөн өндөр настны хөгжлийг дэмжих зорилготой Ахмадын өргөө нэртэй 440 танхим улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Гэвч тэдгээр нь хүртээмжгүй, тав тухгүй, үйл ажиллагааны хүрээ нь хязгаарлагдмал, үйлчилгээ нь стандартад нийцдэггүй аж. Өөрөөр хэлбэл, манай улс өндөр настнуудынхаа хөгжих эрхийг хангаж чадахгүй байна гэв. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй ч ийм боломж хязгаарлагдмал байгааг судалгаанд оролцсон ахмадуудын 64 хувь нь онцолжээ.
Өндөр настнуудад тулгамдсан дараагийн нэг асуудал нь ялгаварлан гадуурхалт гэж ХЭҮК-ынхон мэдээлэв. Тухайлбал, судалгаанд оролцсон таван ахмад тутмын нэг нь ялгаварлан гадуурхалтад өртдөг гэжээ. Ялангуяа олон нийтийн газар, дэлгүүр, банк, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ гадуурхагддаг гэсэн байна. Түүнчлэн ажил хөдөлмөр эрхлэхийг хүсдэг ч наснаасаа болоод ялгаварлан гадуурхалтад өртдөг хэмээжээ.
Бэлтгэсэн: М.Оч