Хотын иргэд -30 хэмийн хүйтэнд хэдэн цагаар автобусны буудалд унаа хүлээж, даарч бээрэн, ядарч бухимдаж буйгаа нийгмийн сүлжээгээр ч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч хангалттай бичиж байна. Автобус байхгүй, удаан хүлээлгэж, хүлээлгэж ирсэнд нь багтахгүй. Угаас даац нь хэтэрчихсэн ихэнх автобус буудал дээрээ зогсохгүй. Гар өргөөд ч такси олдохгүй. Тэгээд ч зам нь таг түгжирчихсэн. Энэ хотод болж бүтэж байгаа юм үнэндээ алга.
Сайдаар томилогдсоныхоо дараа буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Б.Дэлгэрсайхан Засгийн газрын хуралдаанд метро барих тухай танилцуулга хийж, ТЭЗҮ-ийг нь боловсруулахаар болсон. Амгалангаас Яармагийн дэнж хүртэл 22.3 километр метро барих юм гэнэ. Зүгээр л автобусны тоог нэмээд, иргэдээ хөлдөөлгүй, бухимдуулалгүй явуулчихаж чадахгүй хүмүүс яаж метро барих вэ. Хөрсөн дээрээ буумаар, чадахгүй бол зайгаа тавимаар байна.
Биднийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй нийслэлийн Засаг дарга нь автобусны чиглэлийг өөрчлөн, бужигнуулсныхаа дараа хэдэн өдөр “сураггүй” алга болсон. Тэгснэ уржигдар гарч ирээд “30 жил ужгирсан асуудлыг гурван сар ажиллаж буй надад тохоод яах вэ дээ” хэмээн гоншигносон мэдэгдэл хийв. Харин хотын түгжрэлийг шийдэх ёстой “түгжрэл”-ийн сайд Б.Дэлгэрсайхан гэдэг хүний бараа сураг томилогдсон цагаасаа хойш бараг л харагдсангүй. Тэр хүн хаана, юу хийж явна. Түүний хэрэг ер нь энэ хотод бий юү.
ХОТ, ЗАСГИЙН ГАЗРЫГ ХОЛБОХ ГҮҮР НЬ “ИЧЭЭНДЭЭ” ОРОВ
Нийслэлийн түгжрэлийг шийдэхийн тулд заавал тусгайлсан сайдтай байх ёстой хэмээн Ерөнхий сайд үзэж, 2022 оны наймдугаар сард уг орон тоог бий болгосон билээ. Хот, Засгийн газар хооронд гүүр болж ажиллах, хамгийн гол нь түгжрэлийг бууруулах бодлого, шийдэл гаргах нь энэ албан тушаалтны үүрэг. Улаанбаатарын анхны “түгжрэл”-ийн сайд Ж.Сүхбаатар нийтийн тээврийн паркийг шинэчлэхээс ажлаа эхлүүлнэ хэмээн мэдэгдэж байв. Түүхэнд анх удаа 320 тэрбум төгрөгийг үүнд зориулан түүний багцад батлан өгснөөр “ногоон автобусны” гэх хэрэг үүссэн билээ. Уг төсвийг тэрбээр нийслэл рүү шилжүүлж, хотын захирагч Д.Сумъяабазар нь нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт “өгсөн” гэдэг. Нийт 318 тэрбум төгрөгөөр 816 автобус авах шууд гэрээг “Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулж, 134.5 тэрбум төгрөгийг нь тус компанид шилжүүлсэн байдаг. Үүний 52.8 тэрбум төгрөгөөр нь цахилгаан болон дизель хөдөлгүүртэй, том, дунд оврын нийт 95 автобус, 10 ширхэг цэнэглэгч авсан тухай уг хэргийг хянаж шалгах зорилгоор байгуулагдсан АН-ын ажлын хэсгээс мэдээлсэн. Урьдчилгаа болгож шилжүүлсэн 82 тэрбум төгрөг нь ор сураггүй алга болж, “ууршчихсан”. Шинэ гээд хуучин 100 ширхэг ногоон автобус оруулж ирсэн явдал ч илчлэгдэж, олон нийтийг бухимдуулснаар хотын захирагч Д.Сумъяабазар, “түгжрэл”-ийн сайд Ж.Сүхбаатар нар ёс зүйн хариуцлага хүлээн өнгөрсөн оны аравдугаар сард огцорсон юм.
Эхний сайд ийм бантан хутгачхаад огцроод, яллагдагчаар татагдаад “зугтаасан” бол дараагийн хүн болох Б.Дэлгэрсайхан “хэргээс хол” байхыг илүүд үзэв. Ж.Сүхбаатарын араас “явчихгүйн” тулд энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуустал юу ч хийхгүй нуугдъя л гэдэг “мэргэн” санааг тэрбээр олсон бололтой юм. Нийслэл хотод тулгамдаад буй түгжрэлийг бууруулах асуудлыг хөдөөнөөс сонгогдсон гишүүнд хариуцуулахдаа Ерөнхий сайд “Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлд Засгийн газрын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэх гүүр болох, төвлөрлийг ажлын байр, аж үйлдвэржилт, эдийн засагтай уялдуулан шийдвэрлэхэд УИХ-д сонгогдон ажилласан улс төрийн, хувийн хэвшилд аж ахуй эрхэлж, авто болон төмөр замын их бүтээн байгуулалтыг удирдаж байсан хувь хүнийх нь амьдралын туршлага, хандлагыг харгалзан үзсэн” хэмээн танилцуулж байв. Гэтэл юун ажлын байр, аж үйлдвэртэй уялдуулах, хот, Засгийн газрын хооронд гүүр болж ажиллах. Зүгээр л ичээндээ орчихсон байна, өнөөх сайд нь. Сул цалингаа аваад л, сайдын нэр зүүгээд л “унтаж” байгаа бололтой.
МЕТРО БАРИХ МӨРӨӨДӨЛ
Сайдаар томилогдсоныхоо дараа буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Б.Дэлгэрсайхан Засгийн газрын хуралдаанд метро барих тухай танилцуулга хийж, ТЭЗҮ-ийг нь боловсруулах шийдвэрийг хэрэгжүүлэхээр болсон. “2011 оноос хойш ярьсан уг асуудлаар Засгийн газрын түвшинд анх удаа шийдвэр гаргасан нь үндэсний эв нэгдэл, язгуур эрх ашигт нийцсэн алхам” хэмээн тэрбээр мэдэгдэж, энэ оны тавдугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлэн, 2027 онд дуусгах төсөөллөө танилцуулж байв. Амгалангаас Яармагийн дэнж хүртэл 22.3 километр метро барих юм гэнэ.
Зүгээр л автобусны тоог нэмээд, иргэдээ хөлдөөлгүй, бухимдуулалгүй явуулчихаж чадахгүй хүмүүс яаж метро барих вэ. Хөрсөн дээрээ буумаар, чадахгүй бол зайгаа тавимаар байна. Эсвэл түгжрэлийг аж үйлдвэртэй холбож шийднэ гэдгийг ингээд ойлгочихсон юм болов уу. Ямартай ч энэ тухай төсөөлөл, мөрөөдөл нь өнөөдөртөө бидний амьдралд шууд сөргөөр нөлөөлөхгүй байгаад талархъя. Нийтийн тээврийн парк шинэчлэл энэ тэрийн талаар тэрбээр ярьсангүй. Харин нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар томилогдсоныхоо дараанаас давс шиг шорвог шийдвэр гаргахаа мэдэгдээд, 20 орчим хуульд өөрчлөлт оруулаад авсан. Ингэхдээ хотын төв рүү автомашинтай зорчихдоо өдөр бүр татвар төлнө, дугаарын тэгш, сондгойгоор явуулна, автобусны чиглэлийг тодорхой судалгаагүйгээр “үзэмжээрээ” өөрчилнө гэх мэт шийдвэр гаргаж, иргэдээ цус харвуулчих гээд буй. Хэл ам, эсэргүүцэл гармагц нөгөөх шийдвэр, саналаа буцаан бидний мэдрэлээр “наадаж” байна. Зүгээр байсан юмыг сайжруулахгүй л бол дордуулж иргэдийг бухимдуулах хэрэггүй юм. Б.Дэлгэрсайхан сайд ажлаа хийхгүй учраас ядаж ингэж дургүй хүргэхгүй юм даа гээд талархах ёстой юу.
ХАРМААР БАЙГААГАА Л ХАРНА
Энэ өвлийн ид хүйтнийг хэрхэн зүдэрч давж буйгаа, автобус хүрэлцэхгүй, багтахгүй, хэдэн цагаар хүлээж, даарч, алхаж зутардгаа хэлээд, бичээд байгаа ч тоймтой өөрчлөлт гарсангүй. Нийгмийн сүлжээнд хүмүүсийн бодол, байр суурь ямар байгааг харж шийдвэрээ гаргадаг дарга нар нь “дүлий” мэт л сууж байна. Тэд хүссэнээ л хардаг бололтой. “Нуугдаж” байсан хотын дарга гэнэт гарч ирэхдээ “600 автобусны сүүлчийн 65-ыг хилээр оруулж ирсэн. Оруулж ирмэгцээ шууд шугамд явуулна гэж байхгүй. Аль нэг компанид хариуцуулж өгнө” гэв. Хариуцуулах хувийн компаниудаа олох, гэрээ байгуулах, тэдгээр нь автобуснуудад карт унших төхөөрөмж суулган, даатгал хийлгэх гэх мэт олон ажил байгаа бололтой. Тэгэхээр бид шинэ автобустай мөд болохгүй, хүйтэн өвлөөр халтиргаатай замаараа тэнцвэр, авхаалжаа сорин таваргасаар, хэдэн цагаар автобус хүлээж, “өдрийн од” мэт олдсонд нь багтахын төлөө амь дүйн тэмцэлдсээр өвлийг үдэх нь. Энэ нам эрх барьж буй үед лав байдал өөрчлөгдөхгүй нь. Хотын иргэд нь унаа хүлээж автобусны буудалд, машинтай хүмүүс нь түгжрээд зам дээр “амьдарч” байх зуурт сайд нь метро ярингаа ичээндээ суудаг байж таарахгүй.
Адилхан эрх, үүрэгтэй энэ хоёр албан тушаалтнаас “үйлийн үр”-тэйгээрээ нийслэлийн Засаг дарга нь элдэв тооцоо судалгаагүй, буруу, зөв шийдвэр гарган, хараалгаж явна. Харин энэ үеэр “түгжрэл”-ийн сайдыг дурсаж байгаа хүн алга. Тэгэхээр энэ сайдын хэрэг манай улсад байхгүй аж. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин “Түгжрэл хариуцсан сайдтай улс дэлхийд манайхаас өөр байхгүй. Нэг хүнд зориулан “бялуу” хувааж, түүнийг л сэтгэл ханамжтай байлгахын тулд төрд “мухар олгой” үйлдвэрлэж байна. Хувь хүнд зориулж албан тушаал бий болгож болохгүй. Үр ашиггүй, тодорхойгүй албан тушаал бол авлигын эх үүсвэр шүү. Хотын захирагч, “түгжрэл”-ийн сайд хоёрын эрх мэдэл адилхан. Тэгээд хариуцлага хүлээх болохоор хэн нь ч мэдэхгүй гэдэг. Эрх мэдлийг төвлөрүүлэх, нуух, мөнгө “овоолох”-ыг авлигын тулгын гурван чулуу гэж үздэг” хэмээн ярьсан байна лээ.
Хэн ч үгүйлдэггүй, юу ч хийдэггүй “түгжрэл”-ийн сайдын орон тоог цомхотгож, төсвийн зардлыг хэмнэх учиртай. 2022 оноос хойш хоёр ч сайдтай байж үзлээ, түгжрэл огт арилсангүй. Удахгүй бүрэн эрх нь дуусаад явна гэсэн хоноцын сэтгэлгээгээр ажилд ханддаг, хотын амьдрал мэддэггүй, сүүлийн 20-30 жил автобусанд сууж үзээгүй, үргэлж зам чөлөөлүүлж давхидаг дарга нар чинь бидний амьдрах нөхцөлийг дээрдүүлж чадахгүй нь. Хийх хүн аргаа олдог, хийхгүй хүн шалтгаа олдог. Өвөлжин автобус хүлээлгэж, чиглэлийг нь өөрчлөн дамжуулж, алхуулж наадсаныхаа хариуг та бүхэн зургаадугаар сард хүртэхээ бүү мартаарай. Уг нь энэ хотын иргэд ингэж зүдэрч, Монголоос явах тухай бодох биш, та нар л чадах хүнд нь ажлаа өгөх учиртай юм.