УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан, Засгийн газрын 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд Филиппинээс шилжүүлэн авсан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамжийг НПГ-ын хяналтын прокурорууд эсэргүүцсэн билээ. Улмаар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч тус шүүхийн шүүгч Н.Батсайхан, С.Болортуяа, О.Чулуунцэцэг нар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээлээ. Ингэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдагдсан таван үндэслэлээс гурвыг нь хүлээн авч, хоёрыг нь хүлээн авахаас татгалзсан байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дуламсүрэн 2023 оны арваннэгдүгээр сарын 3-нд урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг хаалттай явуулаад нэмэлт ажиллагаа хийлгэх захирамж гаргасан юм. Шүүхээс уг хэргийг буцаах болсон үндэслэлдээ шинжээчдийн мэдүүлгийг авах шаардлагатай гэсэн байдаг. Мөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдлийг тусгаарласан нь буруу гэдгийг ч онцолсон. Прокурорууд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой тул буцаах шаардлагагүй гэж эсэргүүцэлдээ онцолсон ч давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хүлээн авсангүй. Ингэснээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын Т.Бадамжунайд хахууль өгсөн үйлдлийг нэгтгэн шүүхээр шийдвэрлүүлэхээр болж буй юм.
Т.Бадамжунайтай хамт түүний хүргэн, ХХААХҮЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан Э.Жаргалсайхан, 87 байртай гэх дуулианы эзэн, авлигын хэргээр ял шийтгүүлсэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан, Төрийн шагналт Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Баярсайхан нар яллагдагчаар татаад буй билээ.