Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн нэгдүгээр бүрэлдэхүүн хэсэг нь “Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх, чадавх бэхжүүлэх” үйл ажиллагаа юм. Энэ хүрээнд “Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг”-ийн шинэ асуумжийг Монголын хүүхдийн түргэвчилсэн үнэлгээ (Mongolian rapid baby scale- MORBAS)-нд тулгуурлан боловсруулсан.
Тус асуумжийг “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр (ЭХЭМД)”-т тусган Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/347 тоот тушаалаар шинэчлэн баталлаа. Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрсдэлийг илрүүлэх үнэлгээний асуумжийг ЭХЭМД-т тусгаснаар зөвхөн эмнэлгийн ажилтан төдийгүй эцэг, эх, гэр бүлд суурилан хөгжлийн хоцрогдолтой, бэрхшээлийн эрсдэлтэй байж болох хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг аль болох эрт илрүүлэх, улмаар тэдний хөгжлийн аливаа бэрхшээл, хоцрогдлыг эрт оношлох, тэдэнд үзүүлэх эмнэлгийн болон аливаа үйлчилгээг цаг алдахгүй эрт үзүүлэх, ирээдүйд гарч болох эрсдэл, аюулаас урьдчилан хамгаалах ач холбогдолтой юм.
ХНХЯ, ЭМЯ-тай хамтран өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд бага насны хүүхдийн хөгжлийн үнэлгээ болон хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрсдэлийг илрүүлэх чиглэлээр онол, арга зүйн мэдлэг олгох, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийг хэрэглэх арга зүйг түгээн дэлгэрүүлэх Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг 2024 оны хоёр дугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, дүүргүүдийн эрүүл мэндийн төв, Интермед эмнэлэг, Неврологийн нийгэмлэг зэрэг нийт 24 байгууллагаас хүүхдийн эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байгаа бөгөөд эмч нарт албан ёсоор 1,5 кредит олгох юм.