Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) болон Азийн хөгжлийн банк (АХБ) хамтран “Ковид-19 цар тахлын дараах орчинд Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах” ТA-10099 техник туслалцааны төслийг 2023 оны долдугаар сараас хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд Монгол Улсын Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн систем”-ийг бий болгож хөгжүүлэх зорилт нь төслийн үр дүнгийн нэг юм. Хүнсний баталгаат байдлын менежментэд оролцогч гол холбогдох байгууллагуудын мэдээллийн систем, бодлогын зохицуулалтын механизм; “Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн систем”-ийн бүтэц, архитектурыг тодорхойлж, мэдээллийн системийг хөгжүүлэх; хүнсний баталгаат байдлын эрсдэлийн хариу арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллагууд хоорондын зохицуулалтын механизмыг сайжруулах талаар төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамарсан зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.