Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар даатгалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар мэдээлэл хийлээ. Сангийн сайд “Манай улсад даатгалын зах зээлийн хөгжил сул. Уг зах зээлийн идэвхжлийг хоёр үзүүлэлтээр үнэлдэг. Нэгдүгээрт, нийт даатгалын хураамжийн дотоодын зах зээлд эзлэх хувийг хардаг. Олон улсад энэ үзүүлэлт 7-8 хувь байдаг бол манайд нэг ч хүрэхгүй байна. Хоёрдугаарт, даатгалын нэг хүнд ногдох мөнгөн дүн Монголд олон улсын үзүүлэлтээс 7-8 дахин доогуур байгаа юм. Энэ хэрээр төсөвт ирэх эрсдэл өндөр. Тиймээс Даатгалын багц хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг ирэх хаврын чуулганаар өргөн барихаар шийдвэрлэсэн” гэв. Уг хуулийг баталснаар даатгалын хүртээмж нэмэгдэн, эрсдэлээс сэргийлж, тогтолцоо сайжирна гэж үзэж буй аж. Багцад Даатгалын зуучлалын, Жолоочийн даатгалын зэрэг хуулийн төсөл багтах юм байна.