Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос намрын чуулганаар хийсэн ажлаа өчигдөр тайлагнав. Тэд нийт долоон удаа хуралдаж, хуулийн нэг, байнгын хорооны тогтоол дөрвийг хэлэлцэн шийдвэрлүүлжээ. Тухайлбал, байнгын хорооны тогтоолоор Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан аж. Уг ажлын хэсгээс “Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” сэдэвт үндэсний чуулганыг энэ оны эхэнд зохион байгуулж, 500 гаруй хүн оролцсон байна.
Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулжээ. Төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ. Боловсролын багц хууль баталсантай холбогдуулан уг хуулийн ажлын хэсгийн гишүүд Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Говьсүмбэр, Дундговь аймагт ажиллан, орон нутгийн иргэдэд хууль, тогтоомж сурталчилсан байна.