Өмнөговь аймгийн БОЭТ-ийн эх баригч эмч нар яаралтай дуудлагаар малчны хотонд ажиллаж, зулбаж байсан эх, хүүхэд хоёрын амийг аварчээ.
Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын 27-ны 17 цаг 00 минутанд Сэврэй сумын Бүйлсэн багаас “20-21 долоо хоногтой жирэмсэн эмэгтэй эхэс ховхрон доош их хэмжээний цус алдаж байна” гэсэн дуудлага ирсний дагуу Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Б.Мөнхбат, эх барих эмэгтэйчүүдийн их эмч Э.Энх-Эрдэнэ, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн их эмч Х.Оюунсувд, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн сувилагч Ц. Мөнхдэлгэр, Мэс заслын сувилагч Ц.Санчирбаяр, түргэний жолооч н.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хагалгааны баг гарч, газар дээр нь тусламж үйлчилгээг үзүүлжээ.
Жирэмсэн эх 20-21 долоо хоногтой. Жирэмсний хожуу хугацааны бүрэн бус зулбалт, эхэс ховхролттой гэсэн оноштой. Жирэмсэн эхийн биеийн байдал хүнд, нийт алдсан цус 1600 мл байсан тул эхийг яаралтай кесар мэс ажилбарт оруулсан байна. Малчны хотонд, гэрт нөхцөл байдал хүнд байсан ч тус баг эхийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж чаджээ.