Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн нарийн бичгийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Ким Дэ Хуан болон бусад албаны төлөөлөгчидтэй онлайн уулзалт хийжээ. Тус уулзалтаар БНСУ-тай байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг цаашид хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийн ажиллах боломжтой салбарыг шинээр нэмэгдүүлсэн талаар санал солилцлоо.
Тодруулбал, зочид буудал, зоогийн газар зэрэг үйлчилгээний салбаруудад Монгол ажилчид ажиллах шинэ боломж бүрдэж байгаа талаар онцлов. Мөн уулзалтын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа гадаадад хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэний эх орондоо буцан ирж хөдөлмөр эрхлэхийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөр батлуулж, хэрэгжилтийг хангах нь чухал байгааг онцолжээ. 2024-2025 онд БНСУ-ын буцалтгүй тусламжаар БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй иргэдийн эргэн эх нутагтаа суурьшиж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
Түүнчлэн БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эх орондоо буцан ирж, хөдөлмөр эрхлэхийг дэмжих зорилгоор Монгол Улсын томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулсан Хөдөлмөрийн яармаг, өдөрлөгийг БНСУ-д 2024 оны гуравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.