Жүдо бөхийн энэ жилийн анхны гран при тэмцээн Португал улсад болж өндөрлөв. Өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан тус тэмцээнд 92 орны 624 (эрэгтэй 344, эмэгтэй 280) тамирчин өрсөлдсөн. Монголын үндэсний шигшээ багийнхнаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг хүрэл медаль хүртсэнийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Гончигсүрэн шигшээ наймд дэлхийн хошой аварга, Испанийн бөх Николоз Шеразадашвилид ялагдсан. Тэрбээр дагах барилдаанд Киприйн Кроуссаниотакисыг ялж, медалийн төлөө Японы жүдоч Кэйто Грийнтэй өрсөлдөн, илүүрхжээ. Ингэснээр манай тамирчин гран при тэмцээнээс хоёр дахь удаагаа хүрэл медаль хүртэв. Өмнө нь тэрбээр Тажикистанд болсон “Душанбе-2023” гран пригээс хүрэл медальтай ирсэн юм. Медаль зүүнэ гэж тооцоолж байсан бөхчүүдээс Гавьяат тамирчин Ё.Басхүү V, Б.Ганхайч, Б.Эрхэмбаяр нар VII байрт оржээ. Шилдгүүдээс Гавьяат тамирчин Л.Энхрийлэн тус тэмцээнийг өнжиж, ОУХМ Л.Сосорбарам хамтарсан бэлтгэлийн үеэр гэмтсэнээр барилдсангүй. Манайхан хоёр медаль хүртсэн амжилтаар 15 дугаар байрт жагссан байна. Монголын жүдочдын оролцох дараагийн “Их дуулга” нь Парист ирэх сарын 3-нд болно.