ОХУ-ын Красноярск хотод гурван өдөр үргэлжилсэн, Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнд 24 орны тамирчид хүч сорилоо. Өмнөх жилүүдийнхээс олон улс шилдэг бөхчүүдээ оролцуулахаар илгээсэн нь дээрх тэмцээний онцлог байв. Эхний өдөр манайхаас эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд зодоглосон Б.Хулан хагас шигшээд ОХУ-ын Александра Скиренког цэвэр ялж, Б.Отгонтуяа Б.Болортуяаг 6:4-өөр буулган авснаар аваргын төлөө өрсөлдөхөөр болсон. Алтан медалийн төлөөх барилдаанд Б.Хулан Б.Отгонтуяаг 5:1-ээр илүүрхэж түрүүллээ. Тус жинд өрсөлдсөн М.Мөнхгэрэл Мария Тюмерековаг ялж (ОХУ) мөнгөн медаль хүртэв. Нутгийн тамирчны амжилтыг буухиалж Э.Гантуяа 57 кг-д хойд хөршийн Вероника Чумиковатай аваргын төлөө өрсөлдөж, дэд байрт шалгарч, шагналын тавцанд зогссон. Тэгвэл ОУХМ Э.Сумъяа 59 кг-д Анастасия Сидельниковатай (ОХУ) түрүү булаалдаж удаалсан юм. Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 62 кг-д Беларусийн тамирчин Кристина Сазыкинаг хожиж, гурав дахь удаагаа алтан цом гарджээ. Энэ удаа эрэгтэйчүүдээс аварга тодорсонгүй. Гавьяат тамирчин Т.Тулга 65 кг-ын жинд дэлхийн аварга, Европын хошой алтан медальт Гаджимурад Рашидовтой алтан медалийн төлөө барилдаж, аман хүзүүдэв.