Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Удирдлага, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Ганзоригт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний Засгийн газрын хуралдаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрыг байгуулахаар шийдвэрлэсэн. Улмаар тус газрын орон тооны дээд хязгаарыг 38 хүнээр тогтоож, бүрэлдэхүүнийг харьяа яамны боловсон хүчнээс бүрдүүлэх, урсгал зардалд шаардагдах 601.3 сая төгрөгийг шийдвэрлэж байсан. Шинээр байгуулагдсан тус агентлагийн конторын барилгад их засвар хийхийн тулд 59.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийг 2021 оны зургаадугаар сард зарлаж “Нью стандарт бьюлдинг” ХХК зэрэг аж ахуйн нэгж оролцсон аж. Гэвч тухайн тендер ямар нэг шалтгаанаар хүчингүй болжээ. Улмаар 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд 19.8 сая гаруй төгрөгийн өртөгтэй, конторын барилгын хоёрдугаар давхрын коридор, шатны хонгил, дөрвөн өрөөний засварын ажил гүйцэтгэх гэрээг дээр дурдсан аж ахуйн нэгжтэй шууд байгуул санаж. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, тендер сонгон шалгаруулалт зохион байгуулахаас зайлсхийхийн тулд төсөвт өртгийг хуваасан гэж үзэж болох ажиллагаа юм байна. Уг гэрээг байгуулснаас хойш долоо хоногийн дараа 9.9 сая гаруй төгрөгийн өртөгтэй барилгын гадна модон хаалга шинэчлэх гэрээг “Төслийн томъёо” гэх компанитай байгуулж, санхүүжилтийг нь олгуулсныхаа төлөө аж ахуйн нэгжүүдээс хахууль авсан хэрэгт Ш.Ганзориг холбогдсон байна.