Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн гурван аврагчийг өчигдөр сүүлчийн замд нь үдэв. Уг галд өртөн 90 хувь түлэгдсэн 19 настай хүү ч хорвоог орхилоо. Хий тээвэрлэж явсан машин суудлын тэрэгтэй шүргэлцсэнээс үүдсэн дэлбэрэлтийн уршгаар ийнхүү дөрвөн хүн амь үрэгдэж, 60 айл орох оронгүй болж, олон иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод байна. Хүнд түлэгдсэн хэд хэдэн хүн одоо ч эмнэлгийн орон дээр үхэл, амьдралын заагт тэмцэлдэж буй. Орон даяараа гашуудаж, харамсан халаглаж байх зуурт бүх ард түмний саналаар сонгогддог, эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч маань таг дуугүй байв. УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай хамтатгасан “товчхон” эмгэнэл хэвлэлд гарснаас өөрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бараа сураг харагдсангүй. Гэтэл өчигдөр тэрбээр гэнэт л нэг хуулийн төсөл өргөн барихаар болсноо мэдэгдлээ.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл үндсэн цалинг нь олгож, гурван өрөө байр өгөх нь уг төслийн агуулга юм байна. Уг хуулийн төслийг баталбал нэгэнт амиа алдсан алба хаагчдын ар гэрт бага боловч дэм болох л байх. Гэвч ийм осол гаргуулахгүйн тулд бүх салбар, шатанд хууль дүрэм, стандартаа ягштал мөрдүүлдэг, урьдчилан сэргийлдэг, аврагчдыг шаардлагатай хувцас, хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангасан орчин, нөхцөл бүрдүүлэх нь илүү чухал. Аврагчдыг амьддаа орон сууцтай, хангалттай цалинтай, ар гэртэйгээ элэг бүтэн амьдарч, аюулгүйн нөхцөл хангасан орчинд ажилладаг болгох нь төрийн ажил байх ёстой. Мөн хариуцлага алдсан бүх шатны албан тушаалтанд арга хэмжээ авахыг олон нийт хүсэж байна.
Сар гаруйхны өмнө Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дахь орон сууцад гарсан галаас бусдын амийг аврах гэж яваад нэг аврагч амиа алдсан. Удаа дараалан аврагчид нь амиа алдсаар байхад ОБЕГ-ын удирдлага, салбар хариуцсан сайд нь тоймтой арга хэмжээ авсангүй. Тиймээс энэ талаар холбогдох хүмүүст нь чиглэл өгч, нөхцөл байдлыг засахад санаа тавих болов уу гэж Ерөнхийлөгчөө хэд хоног хүлээсэн юм сан. Уг нь ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэнэ хэмээн том амлаж байгаад л Төрийн тэргүүнээр сонгогдсон биш үү. Гэтэл иргэдээ эмгэнэж, гашуудаж байхад “попрох”-оо урьтал болгоод сууж байх гэж. Үүний оронд холбогдох хүмүүст хариуцлага тооцох, дахин ийм осол гаргуулахгүйн тулд бодлогоо сайжруулахыг шаардсан бол бид алгаа таших байлаа. Үндсэн хуулиар тунхагласан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ бид хэзээ эдэлж чаддаг болох вэ. Тэр сайн цаг иртэл хэдэн аврагч, хэдэн эгэл иргэн амиа өргөх ёстой юм бэ.