Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Үндэсний бичиг соёлын жил” болгон зарласантай холбогдуулан Өмнөговь аймаг уламжлалт “Хос бичигтэн-2024” аяныхаа нээлтийг хийснийг бид өмнө мэдээлсэн. Тэгвэл “Хос бичигтэн Өмнөговь” аяны 2024 оны гарааг эхлүүлж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд аяныг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах Ажлын хэсэг байгуулсан байна. Тус Ажлын хэсгээс зохион байгуулж, урилга хүсэлт илгээснээр БШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Дэд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ц.Бумангэрэл, Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины ахлах редактор, монгол хэл, бичиг судлаач багш, МУСГЗ Б.Элбэгзаяа, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Д.Ганболд, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын ЭША, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Г.Батзаяа нар Улаанбаатар хотоос хүрэлцэн иржээ. Тэд салбарын яамнаас хэрэгжүүлж буй бодлого, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын зорилт, явц, үр дүн, саяхан болсон “Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганы үр дүн, монгол бичгийн түүх, хэрэглээ, төрийн бичиг болгон хэрэглэх бодлогын учир шалтгаан, үндэсний бичгээр тогтмол гаргадаг цорын ганц хэвлэл “Хүмүүн бичиг” сонины захиалга, хэрэглээний байдал, “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааны зэрэг сэдвээр лекц уншиж, мэдээлэл хүргэлээ. Энэ үеэр Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас “Хос бичигтэн” аяны хүрээнд “Хүмүүн бичиг” сонины захиалгыг 1000-аас доошгүйд хүргэж ажиллахаар болжээ.